“Голден Гран при”-д Монголын 10 бөхийг урьжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-22 10:04:03

Баку хотноо “Baku Sport Hall” спортын ордонд энэ оны 11 дүгээр сарын 28-29-нд Г.Алиевийн нэрэмжит чөлөөт бөхийн “Голден Гран при” олон улсын уламжлалт тэмцээн болох бөгөөд манай улсаас 10 бөхийг урьсан байна.

Энэ жил 9 дэх удаагаа болох тус тэмцээнд Монголоос эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд 6, эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд 4 нийт 10 бөх уригдсан бөгөөд нэр заасан бөхийн оронд тухайн орноос өөр бөх барилдуулж болох юм. Жин тус бүрт түрүүлсэн бөхөд 10 мянган ам.доллар, үүнээс 2 мянгыг дасгалжуулагчид нь, мөнгөн медаль хүртсэн бөхөд 5 мянга, хүрэл медаль хүртсэн бөхөд 2 мянган ам.долларын урамшуулал олгоно.

Тус тэмцээнд эрэгтэй чөлөөт бөхөөс 57 кг-д ОУХМ Э.Бэхбаяр /”Хангарьд” клуб, “Алтай констракш” компанийн бөх, нийслэлийн оюутны шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга/, 61 кг-д ОУХМ Б.Номин /”Гацуурт-Олимп” клуб, ДАШТ-ий мөнгө, тивийн АШТ-ий хүрэл медальт/, 65 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран / ”Алдар” спорт хороо, ДАШТ-ий хошой хүрэл, азийн наадмын аварга, Ази тивийн АШТ-ий хүрэл, хошой мөнгөн медальт/, 70 кг-д ОУХМ Г.Идэрхүү /”Гацуурт-Олимп” клуб, Ази тивийн АШТ-ий хүрэл медальт/, 74 кг-д ОУХМ П.Өнөрбат /Дархан-Уул аймаг, ”Хасу-Мегастарс” клуб, ДАШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, Ази тивийн АШТ-ий хошой мөнгө, хүрэл медальт/, 86 кг ОУХМ П.Өсөхбаатар /“Хилчин” спорт хороо,  Ази тивийн АШТ-ий хүрэл медальт/ нарт урилга ирүүлжээ.

Харин эмэгтэй чөлөөт бөхийн тамирчдаас 58 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд /”Алдар” спорт хороо,“МТС” группийн бөх, ДАШТ-ий алт, мөнгө, Азийн спортын наадмын болон тивийн АШТ-ий хүрэл медальт/, 63 кг-д гавьяат тамирчин С.Батцэцэг /“Хилчин” спорт хороо, олимпийн наадмын хүрэл, ДАШТ-ий хошой алт болон нэг мөнгө, Универсиад наадмын алт, Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт/, 69 кг-д ОУХМ Э.Цэвэгмид /”Алдар” спорт хороо, Ази тивийн АШТ-ий хошой хүрэл медальт/, 75 кг-д ОУХМ Б.Одончимэг /”Алдар” спорт хороо, Ази тивийн АШТ-ий 4 мөнгө,нэг хүрэл медальт/ уригджээ.

Дашрамд сонирхуулахад, 2014 онд болсон тус тэмцээнээс П.Орхон, Б.Одончимэг нар мөнгө, Э.Нарангэрэл, Д.Хүдэрбулга нар хүрэл медаль авч байсан юм.

Д.Өлзий

Related news