Судалгааны мэдээлэл цуглуулах ажилтнуудад сургалт хийв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-31 09:52:00

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлыг аймгийн хэмжээнд зохион байгуулах, нэгдсэн арга зүйгээр хангах, шинээр батлагдсан  аргачлалын дагуу өрхөөс мэдээлэл авах, цуглуулах болон мэдээлэл шивэх арга зүйг  ойлгуулах зорилготой гэрээт тоологчид, шивэгчдэд зориулсан сургалтыг 03 сарын 28-29-ний өдрүүдэд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд  зохион байгууллаа.

“Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-г ашиглах, удирдах журмын 2.3-т Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалыг гурван жил тутамд шинэчлэхээр заасны дагуу Улсын хэмжээнд Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох аргачлалыг  шинэчлэн, мэдээлэл цуглуулах судалгааны ажлыг  03 сарын 31-нээс  04 сарын 09-ний өдрийн хугацаанд  зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан дээрх сургалтыг явуулжээ.

Сургалтанд Ховд аймгийн өрхийн судалгааны Багийн ахлагч 21 хүн, 17 сумын Засаг дарга нар, Амьжиргааг дэмжих зөвлөлийн дарга 17 хүн, аймгийн ажлын хэсгийн гишүүн 12 хүн, Ховд аймагт сонгогдсон 79 тоологч, 13 шивэгч,  Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл болон 14 мэргэжилтэн, Жаргалант сумын 12 багийн нийгмийн  ажилтан гээд нийт  185 хүн  хамрагдлаа.

Сургалтанд хамрагдагсад өрхөөс асуулга авах болон мэдээллийг мэдээллийн санд шивэх арга зүйд суралцсанаар Аймгийн өрхийн мэдээллийн санг чанартай бүрдүүлэх боломж  бүрдэхээс гадна мэдээлэл цуглуулалтанд ажиллах багийн гишүүдийн хувьд гүйцэтгэх  ажлынхаа талаар нэгдсэн ойлголтонд хүрэх ач холбогдолтой юм.

Тус сургалтанд Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны мэргэжилтэн Р.Нарантуяа  чиглүүлэгчээр оролцож “Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах арга зүй” сэдвийн  хүрээнд  мэдээлэл хүргэлээ.

Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны мэдээлэл цуглуулах ажлын  танилцуулга нь танхимын хэлбэрээр өгөгдөл, дасгал ажил гэсэн зохион байгуулалттай  байлаа. Мөн тоологчдын ажил гүйцэтгэх арга зүйг сайжруулах болон мэдээлэл шивэх  үеийн  алдаа анхааруулгыг урьдчилан  сургах  зорилгоор  туршилтын  тодорхой бүс  сонгон жижиг практик  дадлага  хийлгэж  Тоологч, Шивэгчдийн  чадавхийг нэмэгдүүлсэн юм.

Үүнээс гадна сургалтын үеэр өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох шинэ аргачлал, судалгааны ажлын ерөнхий удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлтийн ерөнхий хүрээг  танилцуулж Сургалтанд хамрагдагсадад мэдээлэл цуглуулах ажлыг хэрхэн хянах, тоологч, багийн ахлагч, мэдээлэл шивэгчид болон удирдлага зохион байгуулалтын ажлыг хэрхэн хийх, өрхөөс асуулга авах арга зүй, шаардлага, мэдээлэл цуглуулалтын гүйцэтгэл болон чанарыг  хэрхэн сайжруулах талаар мэдлэг олгосон юм.  

                     А.Бямбасүрэн       

Related news