Сургууль, цэцэрлэгүүдийн 46 хувь нь сургалтын чанарт хяналт тавьж үр дүнг тооцдоггүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /МОНЦАМЭ/. МХЕГ, НМХГ хамтран “Сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуй, дотоод хяналтын асуудлууд” сэдэвт сургалтыг өнөөдөр онлайнаар зохион байгууллаа.
Энэ үеэр “МХЕГ-аас боловсролын салбарын чиглэлээр баримтлах бодлого, хүүхдийн байгууллагын дотоод хяналт, үр дүнг үнэлэх зөвлөмж”, “Сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн шаардлага, нийтлэг зөрчил”, “Хяналтын хуудсыг ашиглаж эрсдлийг тогтоох, урьдчилан сэргийлэх”, хүнсний аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүнд тавигдах шаардлага, давсны зохистой хэрэглээ, хүүхдийн хоногт авбал зохих үндсэн ба шимт бодис, илчлэгийн хэмжээг тодорхойлох арга зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэв.
Өнгөрсөн онд боловсролын чиглэлээр хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 75 хувь нь сургалтын орчны, 85 хувь нь анги дүүргэлт нормоос хэтэрсэн, 46 хувь нь сургалтын чанарт тогтмол хяналт тавьж үр дүнг тооцож ажиллаагүй дутагдал илэрчээ.
Мөн хүүхэд бүрийн ахиц, хөгжлийг үнэлж эцэг эхчүүдтэй хамтарч ажилладаггүй, хувийн цэцэрлэгүүдэд мэргэжлийн багш дутмаг, дотоод хяналт шалгалт тогтмолжоогүй зэрэг зөрчил буурахгүй байгаа аж. Анги танхимд агаарын бохирдол 21 хувьд, хоол үйлдвэрлэх газрын 22.6 хувьд бохирдол илэрсэн нь тухайн байгууллагын дотоод хяналт сул байгааг харуулж байна. Мөн хүүхдийн сандал, ширээний хэмжээ хүүхдийн нас, биеийн өндөрт зохицохгүй байгаа зөрчлийг засч залруулах шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна.
Улсын ахлах байцаагч О.Алтантуул хэлэхдээ, “Шалгалтын дүнгээс үзвэл сүүлийн жилүүдэд их эрсдэлтэй үнэлэгдсэн цэцэрлэгийн тоо өсч байна. Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн ачаалал 2-3 дахин их, дүүргээс хамаарч Хан-Уул, Баянзүрх дүүрэг хамгийн их, Баянгол дүүрэг дунд зэргийн ачаалалтай байна. Сургууль, цэцэрлэгт өвчин гарч байгаа нь ачаалалтай холбоотой. Сургууль, цэцэрлэгийн эмч нарын практикт ажиллах тал нь сайн боловч нөгөө талаар бүртгэл судалгаа хийх, үнэлэлт дүгнэлт өгөх ажил нь орхигдсон байдаг. Хүүхдийн байгууллагад олныг хамарсан халдварт өвчин гарлаа гэхэд тусгаарлах өрөө байх ёстой. Гэтэл ихэнх сургууль, цэцэрлэгт тусгаарлах өрөө байдаггүй. Мөн яаралтай тусламжийн эм тариа сургууль, цэцэрлэгийн хүчин чадалтай холбоотой бага төсвөөр тусгагдсан байдаг. 2017 онд нийслэлийн хэмжээнд 173 цэцэрлэгийг шалгахаар төлөвлөсөн” гэв.
МХЕГ-аас 2017 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөнд тусгасны дагуу уг сургалтыг зохион байгуулж, сургууль, цэцэрлэгийн эрүүл ахуйн шаардлага, нөхцөл, хэрхэн хангаж ажиллах, дотоод хяналтыг тогтмолжуулах талаар холбогдох хууль, дүрэм журмыг танилцуулж, мэдлэг чадварыг дээшлүүлэн, эрсдлээс урьдчилан сэргийлэхээр зорьж буйгаа МХЕГ-ын Боловсрол хариуцсан хэлтсийн мэргэжилтэн М.Нямсүрэн хэллээ.
Сургалтад сургууль, цэцэрлэгийн удирдлага, эмч, дотоод хяналт хариуцсан мэргэжилтнүүд хамрав.
Ж.Болор
Ж.Болор