Кибер аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-12 10:38:10

Мэдээллийн технологи, харилцаа холбоо, өргөн хэрэглээний техник технологи, зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг IDC компани "IDC Day Roadshow-2017" уулзалтыг "Тоон хувиргалтын зам руу" сэдвийн дор Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байна.

Монгол Улсад мэдээллийн технологи жил ирэх тусам хөгжиж байна. Үүнийг дагаад кибер халдлага гарч, байгууллага, хувь хүний нууцад халдах тохиолдол ч гарах болсон. Тиймээс энэхүү хурлыг киберь халдлагаас урьдчилан сэргийлэх, мэдээллийн технологийн хамгаалалтын орчин үеийн технологийг сурталчлан таниулах зорилгоор IDC компани, Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) хамтран зохион байгуулж байгаа юм.

IDC компани энэхүү хурлыг жилд 3-4 оронд зохион байгуулдаг аж. Энэ оны эхээр БНКазУ-д зохион байгуулсан бөгөөд Монгол хоёр дахь орон нь болж буйг IDC компанийн Төв Ази, Азербайжан болон Монголын бүс нутгийг хариуцсан захирал Андрей Беклемишев нээлтийн үеэр онцлов.

Хуралд ХХЗХ-ын дарга С.Адъяасүрэн мэндчилгээ ирүүлсэн байна. Мэдээллийн технологи, харилцаа холбоо, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг IDC компани сүлжээний аюулгүй байдал, киберь халдлага, түүнээс хамгаалах арга зүйн талаар Монгол Улсын аж ахуйн нэгжүүдэд үнэтэй мэдээлэл зөвлөгөө өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа мэндчилгээндээ дурьджээ. Мөн уг хурал жил бүр өргөжин хөгжиж, мэдээллийн технологийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах, хэрэглэгч, аж ахуйн нэгжүүдийн хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болно гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Хурлаар кибер аюулгүй байдал, хамгаалалт, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэж байна.

Хуралд мэдээллийн технологийн салбарт түүчээлэгч “VEEAM”, “QUALYS”, “SAMSUNG” зэрэг гадаад, дотоодын томоохон аж ахуйн нэгж түншээр оролцож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна. Мөн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг мэдээллийн түншээр оролцож буй юм.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Related news