Дурангийн мэс заслын мэргэшсэн эмчтэй болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-23 15:19:29

Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн мэс заслын их эмч Франц улсад дурангийн мэс заслын чиглэлээр мэргэшин суралцана.

Тус эмнэлэг дурангийн мэс засал хийх тоног төхөөрөмжтэй болоод нэлээд хэдэн жил өнгөрч байгаа ч мэс засал хийх мэргэшсэн эмчгүйгээс тоног төхөөрөмж ашиглагдахгүй байсаар байгаа юм.

Дурангийн мэс заслын чиглэлээр гадаадын улс оронд эмч сургаж бэлтгэдэг Монголын Эмэгтэйчүүдийн мэс засал дурангийн нийгэмлэг энэ удаад Өмнөговь, Дундговь, Дорноговь, Баян- Өлгий аймгийн эмч нарыг Франц улсын Леон хотод дурангийн мэс заслын чиглэлээр сургахаар болсон бөгөөд энэ сургалтад Дундговь аймгаас Нэгдсэн эмнэлэгийн Мэс заслын тасгийн их эмч, клиникийн профессор, зөвлөх эмч Г.Бат- Орших хамрагдахаар болжээ.

Тус нийгэмлэг 2004 онд байгуулагдахдаа Францын Клермонт Феррард хотын Анагаах ухааны Их сургуулийн эмнэлэгийн эмч нараар дурангийн мэс заслын анхны мэдэгдэхүүн өгөх сургалтыг анх зохион байгуулснаар Монгол Улсад дурангийн мэс засал хөгжих эхлэлийг тавьсан байна. Үүнээс хойш эмч нарыг Франц, Тайвань, Тайланд, Солонгос, Австрали зэрэг улс оронд мэргэшүүлэн сургаж, одоогоор Монгол Улсад хот, хөдөөгийн 30 гаруй эмч, таван сувилагчийг эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслаар мэргэшүүлж бэлтгэжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news