Сэлэнгийн зөгийн балыг Европын холбоонд экспортлоход төслийн багийнхан тусална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-04-16 19:22:24
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Европын холбооны “Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн багийнхан Сэлэнгэ аймагт ажиллалаа.
Европын Холбооны төслийн багийн ахлагч Хенк Де Пау, төслийн зөвлөх Франсуа Андре, зөвлөх Р.Бумдарь, оффис менежер А.Пүрэвдаваа нар Сэлэнгэ аймагт энэ сарын 12, 13-ны өдрүүдэд ажиллаж уулзалт, семинар зохион байгууллаа. Тус багийнхны Сэлэнгэ аймагт ажиллаж буй гол зорилго нь Сэлэнгийн зөгийн балыг “Европын холбооны улсуудад экспортонд гаргахад нь туслах” явдал юм. Эл багийнхан хоёр өдөр тус аймагт ажиллахдаа эхний өдрөө аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөртэй уулзаж, зөгийн балыг Европын холбооны улсуудад экспортонд гаргах судалгааны ажлын талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцсон юм. Мөн энэ өдөр аймгийн Мэргэжлийн хяналтын лаборатори, мал эмнэлэг ариун цэврийн магадлан итгэмжлэгдсэн лабораторийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, Шаамар сумын зөгийн аж ахуй эрхлэгчдийн зарим аж ахуйтайгаар орж ажиллалаа.
Төслийн багийнхан ажлын 2 дахь өдрөө “Европын Холбооны улсуудад зөгийн бал экспортлох нь” сэдэвт семинарыг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн ХХААГ-тай хамтран зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээнд Сүхбаатар, Зүүнбүрэн, Шаамар, Цагааннуур, Ерөө сумдын 100 гаруй зөгийн аж ахуй эрхлэгч оролцож мэдээлэл авлаа. Тэд Европын холбооны зөгийн балны зах зээл, гуравдагч орнуудад ЕХ-нд малын гаралтай бүтээгдэхүүн экспортлоход тавигдах ЕХ-ны шаардлага ямар байдаг, мөн зөгийн өвчин, түүнээс сэргийлэх арга зам, эрүүл ахуйн сайн дадал ба мөшгөлт зэрэг маш хэрэгцээтэй чухал сэдвүүдээр мэдээлэл сонсож, харилцан ярилцаж, зохих мэдлэг олж авсан юм.
Европын холбоонд хүнсний бүтээгдэхүүн экспортлоход маш өндөр шалгуур тавьдаг. Тухайлбал зөгийн балын зах зээлийн мэдээлэлтэй байх, Европын холбоонд амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг импортлоход тавигдах үндсэн шаардлагыг хангасан байх, Монгол Улсын эмийн үлдэгдлийн хяналтын төлөвлөгөө /NRCP/-тэй байх, зөгийн бал экспортлох зөвшөөрөл авсан байх зэрэг шаардлагуудыг биелүүлсэн байж тус холбоонд зөгийн бал экспортолдог байна. Тиймээс эдгээр шаардлагуудыг хэрхэн биелүүлж, стандартын цэвэр бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой болох талын мэдээллийг тус багийнхан өглөө. Хэрэв дээрх шаардлагыг хангаж чадвал Сэлэнгийн зөгийн бал ЕХ-нд экспортлогдож, зөгий эрхлэгчдийн орлого нэмэгдэж, нэр хүнд ч өсөх боломж бүрдэх юм байна. Зөгийн бал нь эмийн үлдэгдэлгүй, байгалийн гаралтай, цэвэр бүтээгдэхүүнд ордог ажээ. 
Ч.Отгонцэцэг       
 
Related news