Оюуны их сорилго олимпиад анх удаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-05-08 10:34:15
Ховд/МОНЦАМЭ/УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын санаачлага, дэмжлэгтэйгээр "Сандаг сан" ТББ, Ховд аймгийн Боловсрол,Соёл Урлагийн газар, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран энэ сарын 6-7 ны өдрүүдэд “Оюуны их сорилго” олон төрөлт, багийн олимпиадыг амжилттай зохион байгууллаа.
 
Олимпиадад Ховд аймгийн ерөнхий боловсролын 24 сургуулийн 9-11-р ангийн 120 сурагч оролцож Математик, Физик, Сэтгэх чадвар, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл гэсэн таван хичээлээр мэдлэгээ сорин өрсөлдлөө.  
Оюуны их сорилго олимпиад нь Ховд аймагт анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд багш, сурагчдын мэдлэг чадварыг хөгжүүлсэн, сургуулийн сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд ихээхэн түлхэц болж байгааг  шавь нараа бэлтгэн оролцсон багш нар онцолж байсан юм.
УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Ховд аймгийн Нутгийн зөвлөлийн дарга С.Бямбацогтын нэрэмжит  багийн, олон төрөлт хичээлийн “Оюуны их сорилго” олимпиад хоёр  өдөр амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.  Ховд аймгийн Ерөнхий боловсролын  24 сургуулийн 120 сурагч, багш нарынхаа хамт оролцон Математик, Физик, Сэтгэх чадвар, Нийгмийн тухай мэдлэг, Англи хэл гэсэн таван хичээлээр мэдлэг оюунаа сорин өрсөлдсөн “Оюуны их сорилго” олимпиадад Жаргалант сумын Прогресс сургуулийн баг  69,44 оноогоор тэргүүн байранд шалгарч "Батламж", "Цом", 1 500 000 төгрөгөөр, 12 жилийн 1-р сургуулийн баг 64,76  оноогоор 2-р байранд, "Батламж", "Цом", 1 000 000 төгрөгөөр, Цаст-Алтай цогцолбор сургуулийн баг 63,85 оноогоор 3-р байранд шалгарч "Батламж", "Цом", 800 000 төгрөгөөр шагнууллаа. Мөн 12 жилийн 3-р дунд сургуулийн баг 60,95 оноогоор, 12 жилийн 6-р сургуулийн баг 54,58 оноогоор тусгай байранд шалгарчээ.
Энэ жил анх удаа зохион байгуулагдсан "Оюуны их сорилго" багийн олон төрөлт тэмцээний шилдгүүдийн шагналыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтын Ховд аймаг дахь бие төлөөлөгч С.Гантөмөр, Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Б.Гантөмөр, Аймгийн БСУГ-ын дарга М.Пүрэвхүү, БСУГ-ын дэд дарга Д.Нарандорж нар гардуулан өгч баяр хүргэлээ.
 А.Бямбасүрэн
Related news