Байгалийн гамшиг болоход иргэд бэлэн эсэхийг шалгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-10-27 12:35:06

Баянхонгор аймагт “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийн бэлтгэл ажлыг Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг ханган ажиллаж байна.

Дуут дохиогоор энэ сарын 24-ний өдөр Газар хөдлөлт, байгалийн гамшиг, болсон тохиолдолд Баянхонгор хотын иргэд, оршин суугчид бэлэн байгаа эсэхийг шалгасан дадлага сургуулилт болж өнгөрлөө. Гамшгаас хамгаалах дадлага сургуулилтын бэлтгэл ажлын хүрээнд Баянхонгор аймгийн төвийн 8 багийн нийт 18053 хүн оролцож, аймгийн төвөөс 3 км зайтай Оготонотой булагт цугларсан байна. Мөн үеэр ОБЕГ-аас иргэдэд "Аюул гарсан тохиолдолд авах арга хэмжээ" сэдвээр сургалт хийжээ.

Энэхүү бэлтгэл ажлын хүрээнд болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийг аюулгүй газар түр нүүлгэн шилжүүлэх дадлагыг зохион байгуулсан байна. Тус үйл ажиллагаанд Баянхонгор сумын найман багийн иргэд болон ХҮДС, МСҮТ, ЕБС-ийн хүүхэд залуучууд гээд нийт 18 мянга орчим иргэн хамрагджээ. Ингэхдээ Баянхонгор сумын нутаг дэвсгэрт зарлан мэдээллийн дуут дохиог долоон байршилд суурилуулж, болзошгүй аюул тохиолдсон үед иргэдийн аюулгүй газар түр цугларах байршлыг сонгосон байна.

Мөн Архангай, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай аймгуудын Онцгой байдлын газрын  Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд Баянхонгор сумын Номгон, Эрдэнэмандал, Дуурсах, Угалз, Цагаанчулуут, Гэгээн шавь, Цахир, Есөнбулаг багуудын 410 гаруй иргэдэд “Өрхийн бэлэн байдлыг дээшлүүлэх” сургалт зохион байгууллаа. 

Б.Мөнхзул

 

Related news