Иран бэлэн мөнгийг хэрэглээнээс гаргана

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
aminaa@montsame.mn
2015-10-28 15:43:49

ТЕГЕРАН. /Sputnik/.  Иран улс бэлэн мөнгийг хэрэглээнээс гаргаж, цахим төлбөр тооцооны системд шилжихээр төлөвлөж байна. Улсын өмнөд бүсийн худалдааны чөлөөт бүсэд  энэ системийг эхлэн туршиж үзэх юм.

Ираны Төв банкны ерөнхийлөгч Валлиола Сейф уг төлөвлөгөөг Ираны Киш аралд эхлэн турших хэрэгтэй хэмээн даваа гарагт Тасним агентлагт мэдээлэв. Киш арал бол Персийн булангийн худалдааны чөлөөт бүс юм. Олон дэлгүүр, орчин үеийн зочид буудал, жуулчид зорьдог газартай учир тус арал нь хэрэглэгчдийн диваажин билээ.

Өнгөрсөн жилүүдэд Ираны нийгэм, эдийн засгийн салбарт цахим төлбөр тооцооны систем эерэг үр дүн авчраад байна хэмээн Сейф хэлжээ.

Гэвч цахим карттай Ираны иргэд одоог хүртэл бэлэн мөнгөөр төлбөр хийдэг байна.  Зарим дэлгүүр, хүргэлтийн үйлчилгээ карт уншигч ашигладаггүй. Түүнчлэн олон улсын төлбөрийн картаар байнга төлбөр хийх бололцоогүй байдаг юм.

Долдугаар сард Иран улс дэлхийн зургаан том улсаас бүрддэг P5+1 зуучлагч бүлэгтэй аюулгүй цөмийн хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд тус улсад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах юм.

Хориг арга хэмжээг цуцалсны дараа жуулчдын урсгал хурдацтай нэмэгдэнэ хэмээн Иран улс хүлээж буй. Шинэ цахим төлбөр тооцооны тогтолцоо бүх төлбөрийг хялбарчлах юм.

Х.Аминаа

 

Related news