Завханд Монголын яруу найрагчид хуран цугларна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-24 21:22:45
Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймагт болох “Явуу 88” наадамд  Монголын сор болосн яруу найрагчид цугларах гэж байна.
Наадмын хүндэт зочдоор МЗЭ-ийн шагналт, шилдэг бүтээлийн “Алтан-Өд”-ийн эзэн, Монголын Зохиолчдын Эвлэлийн гүйцэтгэх захирал Мавган-Эрдэнийн Саруулдалай, Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит анхны тэргүүн дээд шагналт, Төрийн соёрхолт, Болор цомын эзэн яруу найрагч Цогдоржийн Бавуудорж, Ардчилсан хувьсгалын анхдагч, Нүүдлийн Соёлын академич, Сүхбаатарын одонт, Б.Явуухулангийн нэрэмжит анхны наадмын тэргүүн шагналт, МЗЭ-ийн шагналт яруу найрагч  Дарьсүрэнгийн ДарьСүхбаатар, “Б.Явуухулан” сангийн тэргүүн, их найрагчийн ач хүү Э.Чинзориг, МЗЭ-ийн нарийн бичгийн дарга В.Сэлэнгэ нар оролцоно.
Мөн  Дэлхийн Урлаг Соёлын Академийн байнгын гишүүн, Утга Зохиолын доктор, Монголын  Философийн холбооны тэргүүлэгч гишүүн, МЗЭ-ийн шагналт, Мило богдын хишигт шагналт, нэрт яруу найрагч, зохиолч, соён гэгээрүүлэгч Дамдинсүрэнгийн Урианхай,  Дэлхийн Урлаг Соёлын Академийн байнгын гишүүн, Утга Зохиолын доктор, Дэлхийн Утга Зохиолын “Поет Лаурет” цол алтан титэмт, МУСГЗ, Чингис хааны одонт, Дилова хутагтын хишигт шагналт яруу найрагч  Гомбожавын Мэнд-Ооёо, МУСГЗ, Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонт, Тусгаар тогтнолын дууч Р.Чойномын  нэрэмжит болон МЗЭ-ийн шагналт, Ялгуусан гэгээн, Нарованчин гэгээний хишигт шагналт яруу найрагч Айлтгүйн Төмөр-Очир нарын Болор цомын эзэн 10 яруу найрагч, Монголын Зохиолчдын эвлэлийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдлийн төлөөлөл, нийт 60 гаруй яруу найрагч оролцох юм.
Ийнхүү хоёр өдрийн турш Улиастайчууд Дорнын их найрагчийнхаа 88 насны ойд Монголын сор болсон яруу найрагчдын бүтээлүүдээс сонсож яруу найргийн утга уянга халгисан өдрүүдийг өнгөрөөх гэж байна.
Б.Мягмарсүрэн 
Related news