Аргентины засгийн газар 100 жилийн хугацаатай үнэт цаас гаргажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
bars@montsame.mn
2017-06-20 12:17:23
БУЭНОС-АЙРЕС./TASS/. Аргентины Засгийн газар нийт 2,75 тэрбум долларын үнийн дүн бүхий 100 жилийн хугацаатай үнэт цаасыг олон улсын зах зээлд гаргажээ. Даваа гарагт тус улсын Сангийн яам мэдээлснээр, облигацийн хүү нь 7,125 хувь, өгөөж нь 7,9 хувь аж.

Тус яамны мэдээлэлд дурдсанаар, Аргентин улс ийм урт хугацаатай бонд гаргасан цөөхөн орны тоонд орж байгаа аж. Сангийн сайд Луис Капутогийн үзэж байгаагаар, Аргентины үнэт цаасны эрэлт нь тус улсын эдийн засаг хэвийн болсон гэдэгт хөрөнгө оруулагчид итгэж буйг харуулсан хэрэг ажээ.

1 дүгээр сард Аргентин улс 5 болон 10 жилийн хугацаатай 7 тэрбум долларын үнэт цаас гаргасан ба тэдгээрийн дундаж хүү 6,3 хувь байжээ. Мөн төсвийн зардлаа санхүүжүүлэх зорилгоор олон улсын зах зээл дээрээс 10 тэрбум доллар босгохоор төлөвлөж байгааг Сангийн сайд мэдэгдэж байсан юм.

Аргентин улс 2001 онд дефолт болсноос хойш 15 жилийн хугацаанд олон улсын зах зээл дээрд үнэт цаасаа байршуулах боломжгүй болсон юм. Ерөнхийлөгч Маурисио Макри засгийн эрхэнд гарснаас хойш Аргентины эрх баригчид үнэт цаас эзэмшигчидтэй хийж байсан хэлэлцээгээ сэргээж, одоогийн байдлаар тэдний тавьж буй шаардлагуудын 98 хувийг шийдвэрлэхээр тохиролцож чадсан байна.

Өнгөрсөн оны 4 дүгээр сард Аргентин улс удаан хугацаанд завсарласны эцэст нийтдээ 16,5 тэрбум долларын үнэт цаасыг гаргасан юм.
О.Барс 

 

 

Related news