Синайн хойг дээгүүр нисэхгүй байхыг анхааруулсан байжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭМОСКВА. /Sputnik/. Их Британийн нисэх онгоцуудыг Синайн хойгийн хойд нутаг дээгүүр нисэхээс зайлсхийхийг анхааруулсан “Нисэгчдэд зориулсан санамж”-ийг тус улсын Засгийн газар 2014 оны 12 дугаар сард гаргасан тухай тус улсын Тээврийн яамнаас эх сурвалж мэдээллээ.
Хэт давруу үзэлтнүүд үйл ажиллагаа явуулж байгаагийн улмаас Синай нь Египетийн хамгийн түгшүүртэй мужуудын нэг болжээ. “Лалын улс”-ын Египет дэх салбар “Ансар аль-Бейт Макдис” лалын цэрэгжсэн бүлэглэлийн түшиц газар нь Синайн хойд нутаг юм.
“Их Британиас Синайн хойгоор дамжих бүх нислэгт зориулсан санамжийг бид 2014 онд гаргасан. Одоо ч уг санамж хүчинтэй хэвээр” гэж эх сурвалж хэлэхдээ санамж гаргах болсон шалтгааныг “аюулгүйн үүднээс” тайлбарлахаас татгалзсан байна.
217 зорчигч, нисэх багийн 7 гишүүн амиа алдсан, Оросын “The Airbus 321” нисэх онгоцны ослын шалтгаан тодорхойгүй байна.
Х.Аминаа