Говийн бүсийн тогооч нар ур чадвараараа уралдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-06 12:36:11

Говийн бүсийн аймгуудын тогооч нар ур чадвараараа уралдаж, бүсийн аварга тогоочийг шалгаруулна.

Энэ уралдааныг ХХААЯ, Хоол урлахуйн нийгэмлэг хамтран 11 дүгээр сарын 10- ны өдөр Дундговь аймгийн төвд зохион байгуулахаар болжээ. Уралдаан зохион байгуулах өдөр товлогдсон, харин удирдамж нь өнөөдрийн байдлаар хараахан ирээгүй байгааг аймгийн ХХАА- н газрын мэргэжилтэн хэлсэн юм.

Ямар ч атугай уралдааны зорилго Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг олон нийтэд сурталчлах, нийтийн хоолны салбарын мэргэжилтэй боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлж, орчин үеийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний сайн арга туршлага солилцох, эрүүл орчин дахь эрүүл хоол хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээг сайжруулахад чиглэж байгаа ажээ.

Өнгөрсөн зун тогооч нар “Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд эрүүл ахуйн зохист дадлыг нэвтрүүлэх нь” сургалтад хамрагдсан бөгөөд одоо ийнхүү мэдлэг, ур чадвараараа өрсөлдөж, говийн бүсдээ шилдгийг тодруулахаар болжээ.

Дундговь Т. Отгонтуяа

Related news