НЭЗТТ-ийн хандивлагчдын Удирдах зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-09-20 13:51:47
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Берлин хотноо 2017 оны 3 дугаар сард болсон НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (НЭЗТТ)-ийн Сайд нарын хурлын үеэр НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хурлыг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Үүний дагуу энэ өдрүүдэд буюу 9 дүгээр сарын 20, 21-нд Улаанбаатар хотноо тус хурал зохион байгуулагдаж байна. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхорол, Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган нар НЭЗТТ-ийн Хандивлагчдын Удирдах зөвлөлийн 7 дугаар хуралд оролцохоор ирсэн зочид, төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Тодруулбал, уг уулзалтад Норвегийн уур амьсгал, байгаль орчны яамны ахлах зөвлөх Лаурас Гиснас, тус яамны Эдийн засаг хөгжлийн хэлтсийн ажилтан Гури Стораас, Финландын Гадаад хэргийн яамны Олон улсын байгаль орчны бодлогын хэлтсийн зөвлөх Маржаана Кокконен, БНСУ-ын Байгаль орчны яамны Дэлхийн байгаль орчин, олон улсын хамтын ажиллагааны газрын орлогч дарга Юнхи Лий зэрэг хандивлагч орны төлөөлөгчид, мөн НЭЗТТ-ийн Удирдах зөвлөлийн дарга, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Эдийн засгийн хэлтсийн орлогч дарга Тим  Кастен  болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Байгаль орчны хөтөлбөр, Сургалт судалгааны хүрээлэн, Үйлдвэр хөгжлийн байгууллагын төлөөлөгчид ирсэн юм.

Related news