“Алтан намар-2017”-ын хамгийн зохион байгуулалт сайтай аймгаар Сэлэнгэ шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-09-28 13:27:02
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Намрын ногоон өдрүүд-2017” нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 18-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Мишээ ЭКСПО” төвд зохион байгуулагдсан “Алтан намар-2017” шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний, “Эрүүл хүнс-2016” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймаг амжилттай оролцоод ирлээ.
Тус үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн Шаамар, Сүхбаатар, Зүүнбүрэн, Мандал, Алтанбулаг, Баянгол, Цагааннуур, Жавхлант, Орхон, Хушаат сумдын 70 гаруй ногоочин, 6 хүнс үйлдвэрлэгч оролцжээ. Тэд 7 хоногийн турш нийслэлийн хүн амыг экологийн цэвэр төмс, хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, 1500 ширхэг хмелийн талх, 300 ширхэг “Хатаасан цоохор майлз” хоол амтлагч, 1500 тн төмс, 2500 тн хүнсний ногоо, 8000 ширхэг даршилсан ногоо, 1.5 тн зөгийн бал борлуулж, нэг тэрбум 100 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
Энэхүү “Намрын ногоон өдрүүд-2017” нэгдсэн арга хэмжээний хүрээнд зохиогдсон “Алтан намар-2017” шинэ ургацын төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаанаас Сэлэнгэ аймаг “Зохион байгуулалт сайтай оролцсон аймаг”-аар, “Зохион байгуулалт сайтай сум”-аар Зүүнбүрэн сум, “Шилдэг ногоочин”-оор Шаамар сумын ногоочин Б.Оюунбилэг, н.Оюунтүлхүүр, Жавхлант сумын ногоочин  Д.Сосорбарам, Зүүнбүрэн сумын ногоочин А.Оюунчимэг, “Шилдэг жимс жимсгэнэ, мод бут үржүүлэгч”-ээр Шаамар сумын Д.Баттөр, “Шилдэг хоршоо”-оор Мандал сумын “Зүүнхараа” хоршоо, “Эрүүл хүнс-2016” хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаанаас “Шилдэг орон нутгийн хүнсний бүтээгдэхүүн”-ээр Мандал сумын “Түнхий сүү” хоршоо шалгарч өргөмжлөл цомоор шагнагдсан байна.
Ч.Отгонцэцэг
Related news