Б.Обама шүүхийн иргэний төлөөлөгч болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-10-29 10:07:40
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама Иллинойс муж улсын шүүхэд “иргэний төлөөлөгч”-ийн үүрэг гүйцэтгэх гэж байгаа тухай тус мужийн улсын шүүхийн эх сурвалж мэдэгдлээ гэж “Америкийн дуу хоолой” агентлаг мэдээллээ.

Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл хараахан байхгүй байгаа хэдий ч Ерөнхийлөгч асан Б.Обама ирэх сараас Иллинойс муж улсын Кук хошууны шүүхэд иргэний төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж эхлэх аж. Өөрөөр хэлбэл, өдгөө 56 настай тэрбээр шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, эрүүгийн болон иргэний хэргийг шүүн таслах ажиллагаанд олон нийтийг төлөөлөн хяналт тавих эрхтэй болж байна.

Түүнээс өмнө Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Жорж У.Буш нар Цагаан ордноос явсныхаа дараа шүүхийн иргэний төлөөлөгчөөр ажиллаж байжээ.

Б.Обама нь Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг төгссөн бөгөөд сенатч болохоосоо өмнө Чикагогийн их сургуулийн Хуулийн сургуульд 12 жил багшилсан аж. Тэрбээр мөн хүний эрхийн хуульчаар ажиллаж байжээ.

Кук хошууны ахлах шүүгч Тимоти Иванс мэдэгдэхдээ “АНУ-ын иргэн, энэ хошууны оршин суугчийн хувиар иргэний үүргээ гүйцэтгэн шүүхийн иргэний төлөөлөгчөөр ажиллана гэдгээ Ерөнхийлөгч асан Б.Обама төлөөлөгчөөрөө дамжуулан тодорхой мэдэгдсэн” гэжээ.

Шүүхийн иргэний төлөөлөгчид өдрийн 17.25 ам.долларын цалин авдаг гэнэ.
 
Г.Доржханд
Related news