“Рио-2016” зуны олимп, паралимпийн эрхийг 15 тамирчин аваад байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-11-17 13:08:55

Монгол Улсын баг тамирчдаас “Рио де Жанейро-2016” зуны олимпийн наадамд оролцох 11 эрхийн болзлыг хангаснаас буудлага спортын төрлөөр гурван эрх, хөнгөн атлетикаар нэг, чөлөөт бөхөөр зургаа, байт харваагаар нэг эрх аваад байна.

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт О.Гүндэгмаа БНСУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны дасгалд алтан медаль хүртэж  “Рио 2016” олимпийн наадамд оролцох “Анхны эрх”-ийн эзэн болсон. ОУХМ Ц.Мөнхзул Азербайжан улсын Габала хотноо болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний спорт гар бууны 25 метрийн дасгалд YI байрт шалгарч эрхээ авсан бол ОУХМ Г.Нандинзаяа АНУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний хийн урт бууны 10 метрийн дасгалд IY байр эзэлж эрхээ аваад байна.

Хөнгөн атлетикийн спортоор марафон гүйлтийн төрөлд гавьяат тамирчин Б.Сэр-Од Германы Хамбург хотноо 2015.04.26-нд болсон 30 дахь удаагийн “Хамбург марафон” тэмцээнд YI байрт шалгарч эрхээ авсан.

Чөлөөт бөхийн тамирчдаас “Лас Вегас-2015” ДАШТ-ээс 6 тамирчин эрхээ аваад байгаагаас МУГТ С.Батцэцэг 63 кг-д I байрт шалгарч алтан медаль хүртэж ОУХМ П.Өнөрбат 74 кг-д II байр эзэлж  мөнгөн медаль хүртэж, ОУХМ Э.Бэхбаяр 57 кг-д III байрт шалгарч хүрэл медалийн эзэн болж тус тус олимпийн эрхээ өвөртөлсөн. Харин МУГТ О.Насанбурмаа 69 кг-д, МУГТ Г. Мандахнаран 65 кг-д, ОУХМ Ж. Чулуунбат 125 кг-д тус тус шагналт Y байрт шалгарч олимпийн эрхээ авсан юм.

Харин байт харвааны тамирчдаас ОУХМ Ж. Гантөгс Тайланд улсын Бангкок хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан харваанд II байрт шалгарч “Рио-2016” олимпийн эрхээ өвөртлөөд байна.

“Рио-2016” паралимпийн эрхийг  пара буудлага спортоор СМ З.Ганбаатар 2014 оны 7 дугаар сард Германд болсон ДАШТ-ий 50 метрийн сонгомол гар бууны төрөлд YII байрт шалгарч “Анхны эрх”-ийн эзэн болсон. Пара пауэрлифтингийн төрлөөр ОУХМ Э.Содномпилжээ, Арабын Нэгдсэн Эмират улсад болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд II байрт шалгарч эрхээ авсан.

Харин пара байт харвааы төрлөөр паралимпийн аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав Германд болсон ДАШТ-д YII байрт шалгарч Риог зорих эрхээ өвөртлөөд байгаа юм. Пара хөнгөн атлетикийн спортоор ОУХМ С.Цогтгэрэл ОХУ-д болсон Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Зээрэнцэг шидэлтийн төрөлд  I, II байр эзэлж “Рио-2016” паралимпийн эрхээ авсан байна.

Д.Өлзий

Related news