Архангай аймаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжин ажилласаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-04 21:29:11
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөгжимт драмын театр, Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн холбоодын зөвлөлтэй хамтран “Хөгжлийн Бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах” сэдэвт арга хэмжээг энэ  сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Энэ арга хэмжээний гол зорилго нь бусдад нөлөөлөх, нийгэмд тэдний дуу хоолойг хүргэх юм.

Үүнээс гадна аймгийн Засаг даргын дэргэд Засаг даргаар ахлуулсан Хөгжлийн бэрхшээлтэй  иргэдийн эрхийг хамгаалах орон тооны бус зөвлөл ажилладаг. Энэ зөвлөлийн үйл ажиллагааны зардалд 4,3 сая,  ажиллаж байгаа 3 хүний 6 сарын урамшуулал болох 3,6 сая төгрөгийг Засаг дарга Ц.Мөнхнасан шийдэж өгсөн байна. Мөн “Lead Mongolia-2017” хөтөлбөрт Архангай аймгаас төлөөлж оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах багийн хэрэгжүүлсэн “Lead Talks” төслийг 1 сая төгрөгөөр санхүүжүүлжээ.

Архангай аймагт 2017-2018 онд Хөдөлмөр эрхлэлтийн 6 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэг нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих” төсөл хөтөлбөр юм. Төсөл хөтөлбөрийн хүрээнд энэ онд 14 бүлэгт 48.0 сая төгрөгийн хүүгүй зээл олгосон бөгөөд ирэх онд тус хөтөлбөр үргэлжлэн хэрэгжих юм. 

Энэ мэтчилэн аймгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжин ажиллаж байна. Архангайн хэмжээнд 2016 оны тоон мэдээгээр 3513 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг бөгөөд Эрдэнэбулган суманд 1200 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг байна. Хөдөлмөр эрхлэлтйн хувьд 167 хөгжлийн бэрхшээлтэй иргэн хувиараа хөдөлмөр эрхэлж өөрсдийгөө ажлын байраар хангадаг байна.
Б.Гэрэлт-Од
Related news