Иргэд ихэвчлэн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэрлэлт цуцлуулах талаар зөвлөгөө авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-12-09 21:39:10
Архангай /МОНЦАМЭ/. “Хүний эрхийн олон улсын өдөр”-ийн хүрээнд дэлхий нийтээр иргэд, байгууллага, нийгмийн бүхий л хүрээний оролцоотойгоор хүний эрхийн асуудлыг хөндөж, эрхийнхээ төлөө тэмцэх, эрхээ шаардах, зөрчигдсөн эрхээ сэргээх, эрхээ зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдэнд эрхийнхээ төлөө тэмцэх хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл өгөх зорилготойгоор “Хасу” нийтийн худалдааны төвд нээлттэй өдөрлөг өнөөдөр зохион байгууллаа.

Энэхүү иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх арга хэмжээний үеэр 80 гаруй иргэн хууль зүйн зөвлөгөө авсан байна. Иргэд ихэвчлэн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, гэрлэлт цуцлуулах, ажилласан жил хэрхэн тогтоолгох, татварын хөнгөлөлт урамшуулалд яаж хамрагдах, нийгмийн даатгалын сайн дурын шимтгэл хэрхэн төлөх, хөдөлмөрийн маргаан тэр дундаа цалингаа бүрэн авч чадахгүй байгаа талаар, худалдах худалдан авах гэрээний чиглэлээр зөвлөгөө авсан байна.

Нээлттэй хаалганы өдрийг Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Өмгөөлөгчдын холбоо, “Эмнэсти интернэшнл”, “Төгс таван мэдрэмж” ТББ зэрэг хамтран зохион байгуулжээ. 

Хүний эрхийн олон улсын өдрийн хүрээнд эмэгтэйчүүдийн эрхийн асуудал ямар түвшинд байгаа, тэдний эрх хэрхэн зөрчигддөг, энэ зөрчлийг яаж арилгах гарц замыг хайж олох, тэдний эрхээ эдлэх эрхэд төр хэрхэн дэмжлэг үзүүлэх вэ гэсэн чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эмэгтэйчүүдийн уулзалтыг зохион байгуулах юм байна. Уулзалтанд 30-аад эмэгтэй ирэх бөгөөд тэд дээрх сэдвийн хүрээнд таван цагийн сургалт мэдээлэл авах юм.

Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг “Хүний эрхийн олон улсын өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 70 дахь жилдээ тэмдэглэж байна. 
Б.Гэрэлт-Од
Related news