Гүрэн Монголын язгуур соёл Гүр дууны нутгаар-2

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
mn_tuul@montsame.mn
2017-12-11 11:34:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гүр дуугаараан гүрэн монголдоон нэр зартай Хангин хошууны удирдлага, Утга урлагийн товчооныхон, урьдын танил дээрх нөхөд маань Ордос нутгийн хэлээр “даяараан” цуглан, албан ажлаар яваа бидэнд үдийн зоог барих үед монголын сэтгүүлчид тэдэнд бас сэтгэлийн бэлгээн задалж, морин хуурынхаан аялгуу эгшгээс сонордуулсан билээ.

Нүүдэлчний эсгий гэрийн ширмэл тойруулга мэт өнцөг булангүй дугуй ширээнээ сууцгаах ар, өвөр монголчууд хуурын аялгуунд шимтэнэ. Хос чавхдаснаас нь “Эрдэнэ засгийн унага” эрвэлзэнхэн жороолж, “Жонон харын аялгуу” ундран үүрсэж, “Уйлган шарын домог” уясруулах хуурын эгшгэнд элчилгүй уудмын тэртээгээс элсэн далайн хөлөг онгоц болсон аварга том гэлээ ч гэм халгүй бодь амьтны тэшээн жонжоо нэг тодрон нэг алсран, тэнгэр газрын савсалгад нэгэн үе шингэн, нөгөө үе тодрон дөтлөх мэт. Ингэ ботго буйлж, сүүтэй орчлонгийн нэгээхэн орон зайд эх үр хоёр өөд өөдөөсөөн тэмүүлж байна.

Сүх жанжны нутгийн Б.Шаравнямбуу дүү бол бийрч, уран сайхан бичлэгтэн төдийгүй үндсэн мэргэжил нь морин хуурч хүн бүлгээ. Хувь заяаны өгөгдлөөр эл дүү бээр хөдөө монгол ахуйд төрж өсч, хуурч болж, басхүү монгол хүнийхээн хувьд босоо монгол бичгээн гаргуун сурч яваа нь ийнхүү ахан дүүстээн залагдан зочлоход хүргэж, бийрээн төдийгүй хуураан үүрээд аянд гарсан нь алдах бус бүр онож, гүр дууны нутгийнханд хуурын уян яруу эгшгийг дуурьсган хүргэж, хэдий нутаг хол боловч, хоёр өөр улсад хуваагдан сууж байвч язгуураас хэл соёл, үндэс угсаа нэгтэй монголчууд нэгхэн өдрийн багахан цагт боловч дэлхийд гайхагддаг ховор соёлоороон бахархан, нэгдэн омогших таатайхан зохирол бүрдэн байвай. Үүгээр бид өмнөд монголын төдийгүй бүх монголын, бүр лавтгаваас дэлхийн гүр дууны өлгий гал голомт болж бүхүй Хангин хошууг цагийн давчууд захирагдан арга буюу орхиход хүрч, баруун өмнө тийш Отог хошууг зорин довтолголоо.


Отогт ирүүт, цэмцгэрхэн талбайн хойд этгээд, засмал замын дэргэд шууд буулгасан нь “Монголын нууц товчооны музей”-д ирчихлээ хэмээсэн үг. Сарын өмнө үзсэн музейдээн ийнхүү нөхдөөн дагуулаад дахин ирж буй. “МНТ”-ы музей дэлхий дахинд өөр байдаг эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй юм. Музейн барилга байгууламж монголчуудын эрт дээрийн шүтээн-нар, сарны хэлбэртэй. Саран хэсэг нь газрын түвшнээс доор байрлалтай, түүн рүү шатаар уруудан буугаад, үүд тушаа нь цувран дөхсөн биднийг, тэргүүн дээрээн саравчтай нимгэн малгай залж, элбэгжүү саатай торгон дээл өмсч, хөөрөгний даалингаан бүсэндээн бат нут гэгч хавчуулсан тавь эргэм насны ганган хүн тосон угтсан нь манай бол хуучны танил, эл шинэ музейн тухайд гэвээс санаачлагч нь, ӨМӨЗО-ны Монгол уран бичээчдийн нийгэмлэгийн дэд тэргүүлэгч, улсын дэсийн монгол уран бичлэгийн өвлөн залгамжлагч, алдарт уран бичлэгтэн Хайрхан гуай билээ. Олон бүгдээрт “Хайрхан багш” хэмээн хүндлэгдэх энэ эрхэм, бидний хуучин танил билээ. Монгол ухаанд, хүний хуучныг, дээл хувцасны шинийг эрхэмлэмү. Нэрт уран бичээч маань 2010 онд манай улсад саатаж, Үндэсний түүхийн музейд уран бичлэгийн үзэсгэлэнгээн толилуулсан бөгөөд “Хүмүүн бичиг” сонинд ярилцлага нь хэвлэгдэж байсан юм.


Тэрбээр “Монголын нууц товчоо”-г хүн төрөлхтний эрдэнэсийн санд бүртгэсэн тухай 1989 оны батламж бичгийг музейнхээн босгонд юуны учир тод томруунаар, нанхиад, монгол, англи хэлээр бүтээлгэн залсныг учирлахаас тайлбараан эхлэвэй. Хэд хэдэн том тасалгаа бүхүй саран танхимд, монголчуудын бүтээсэн оюуны үнэт туурвил болсон “Нууц товчоо”-ны эхийг мөнгөн хуудсан дээр, шаазан вааран дээр, бод малын арьсан дээр, тэмээний шилбэний ясан дээр, пял таваг дээр, халуун орны хатуу улаан модон дээр гэх мэт хэд хэдэн янзаар, алт мөнгө зэрэг үнэт эрднээр, хятад болон монгол бичгээр тус тус өөрийн тигээр урлан буулгасан бүтээлийг зохих зохих байранд залсан хийгээд саран танхимын хананаа, өмнөд болон ар монголын зураач урчуудын олон жилийн хичээл зүтгэлээр бүтсэн “Нууц товчоо”-ны сэдэвт уран зураг олныг байрлуулсан нь үнэтэй цайтай үзмэрийн нэг яах аргагүй болсон ажгуу. Ордосын уран үйлчин малчдын хатгамлын урлагаараан бүтээсэн оёмол “Нууц товчоо” энд бас нэгэн танхимын талыг эзлэн байдаг. Музейд Чингис богд эзний үед дэлдүүлсэн бяцхан алтан зоосыг үзүүлж буй нь түүхийн ховор нандин олдворын нэг ажээ. Мөн үүнчлэн, Хубилай хааны үеийн дөрвөлжин бичигтэй зоос, хас хээтэй бас бус зооснууд музейн үзмэрийн түүхэн цаг үеийг улмаа тодруулж байх мэт. Бас алтан ургийн угсаа залгамжилсан их хаадын хөргийг Лигдэн хутагт хүртэл дараалуулан залсан байна. Цаашлаад, өөр нэг онцлог үзмэр гэвэл урьд эртнээс эдүгээ одоог иртэл дэлхий дахины газар оронд хэвлэсэн “МНТ” бүтээлийн олон хэлээрх эх номуудыг энд иж бүрнээр, нэг дороос олж үзэх боломжийг бүрдүүлсээр, цуглуулсаар байна.

Саран дугариг танхимаас гарч ирэгсэд нар зөв зүүн зүг эргэн шатаар алхлан дээш гарч, наран тойрог хэлбэрийн задгай байгууламжид шилжинэ. Энд Хайрхан багшийн, уран бичлэгийн хичээнгүй тигээрээн цагаан гантиг чулууг ухаж сийлээд шижир алтаар өнгөлсөн “Нууц товчоо”-г сонирхон халиана. Шижир алтаар бүтээсэн энэхүү гантиг чулуун номынхоон алтан үсгийг лавтай мянган он улиравч энэ хэвээр үлдэнэ гэж тэрбээр итгэл дүүрэн өгүүлж байнам. Гүмбүм хийдийн сүм дуганы орой дах алтан ганжрууд хэдийнэ мянган жилийг элээсэн авч өөрийн онхи уг хэвээр энэ хүрснийг Хайрхан гуай газар дээр нь судлан үзсэн бөгөөд түүнээс санаа олж, гантиг чулуун “Нууц товчоо”-ныхоон хуудсуудыг шижир алтаар шарж өнгөлсөн байна. Алтны тухай нэгэнт ярьсных, Хайрхан багш одоо алтан ялтас хуудаснаа “Монголын нууц товчоо”-г цорын ганц хувь бүтээн сийлж байгаа нь хэмжээний хувьд эл түүхэн дурсгалын хамгийн жижиг эрднийн эх болох ажгуу. Дээвэргүй, наран тойрог танхимын гол хэсэгт нэгэн морьтон баатрын сүрлэг хөшөө бүтээн залжээ. Мэдэхгүй хүн бол “амраар нь” Чингис, Чингис хаан л биз гэж элдэв таамгаас өөрийгөөн чөлөөлж болох. Харин энэ нь Тулуй эзний хөшөө гэдгийг Отогийнхон сайн мэднэ. Отог хошуу бол Тулуйн удам хойчис үе улиран суугаа түүхэн өгөгдөлт газар орон юм.

Отог бас өмнөд монголын хөдөөгийн буйд мухарт буй жирийн хошуу билээ. Гэвч чухам энд л “Нууц товчооны музей” сүндэрлэн босчээ. Хэрэг болгож үзье гэвэл газар дэлхийн хаанаас ч, зорьсон хүн чухам Отог хошуунд л ирэх учиртай болж. Музейг байгуулахад улсаас долоон мянга найман зуун түмэн зоосоор хөрөнгө оруулаад байгаа хийгээд төрөөс санхүүгээр дэмжих ажил үргэлжилж, дээрх тоо хэдийнэ нэг дүнчүүр давсан гэнэм. Музейг, ирэх нохой жилийн зун албан ёсоор нээхээр ярилцаж буй. Энэ музей аялал жуулчлалыг хөдөө тийш нь хөтөлнө. Отог хошуу тэр хэмжээгээр хөгжиж, хөрөнгө мөнгө татах билээ. Нийслэл Хөххот ч юм уу, аль нэг түм түжигнэсэн их хөлийн газарт бус, уугуул сайхан нутаг усандаан эл музейг байгуулсан учраан Хайрхан багш “Хүмүүн бичиг” сонины уншигчдад сэтгэл уудлан ярьсан билээ. Өнөөдөр ийм аварга үзмэр байгуулаад, нэг ёсондоон жаргаж суугаа бийр бичгийн хүн маань, залуугаасаан амаргүй амьдрал туулж бэрхийг бэдсэн агаад Шанхайн Олон улсын үзэсгэлэн яармагт уран бичлэгээрээн анх оролцсон явдал амьдрал хувь заяанд нь эргэлт авчирч, зовсны эцэст жаргал ирдгийг үнэмшүүлжээ. “Монголын нууц товчоон”-ы музейн бусад хачин сониныг уншигч та зорьж очоод, өөрийн нүд, сэтгэлээр таашаан үзвэл илүү амттай байх буй заа.

“Нууц товчоо”-ны музейгээс гараад манай автобус шууд зүүн хойш гучаад бээр давхиж оройн нартай уралдав. Зам зуурт цөөн цөөн мал, тэгэхдээн ямаа голцуухан идээшилж үзэгдэнэ. Ордос бол цагаан ямааны орон, “Цагаандай” хэмээх цагаан идээний орон гэдэг бүлгээ. Унасан нутаг угаасан ус Залаажинсттэй маань төстэй гэдэг нь мэдэгдэж байна. Өвөрлөгч малчдын хувьд, өрхийн малын тоо хязгаартай. Дунджаар хоёр зуун толгой мал адгуулна. Малаан хувьчилсан. Хавар дөрвөн сараас зун долоон сар хүртэл малаан сул задгай бэлчээхийг болиулжээ. Энэ үед малчид малаан хашаанд нь байлган эрдэнэшишийн иш зэрэг хуурай өвсөөр тэжээдэг. Долоон сараас хойшоон, өвс ургаж гүйцсэн үед зөвшөөрдөг байна.Кило махны үнэ монголын мөнгөөр хорин зургаан мянган төгрөг орчим гэнэ. 


Отог хошууны Хөх толгой гэдэг газар, хөдөөний малчин айлд шууд орж явчихлаа. Өмнөд монголын малчин түмэн дан голцуу байшинд тохитой гэгч нь суудаг ажээ.Нэгэн тасалгаанд биднийг залваас, монгол дээл хувцсаараан ижилдэн гоёсон хэсэг хүн бөөн дуу хуур болж байх аж. Тэд хуучир, ятга, морин толгойтой мандолин, янчин /манайхаар бол ёочин/ лимбэ, шанз зэргээр хөгжимдөн бахтай нь аргагүй дуулж хөгжимдөх нь сүрлэг байна. Тайлбар сонсоход, Ордос ардын дуугаан дуулж байгаа гэнэм. Цугаар малчид бөгөөд эндхийн багийн айлуудынхан ажээ. Манай хуурч Б.Шаравнямбуу дүү, эхлээд тэдний нэгнээс зөвшөөрсөн ёсоор хуурыг нь аваад, дунд нь сууж, ая тоглож үзүүллээ. Тэдгээр малчдад таатай, соньхон байсан нь гарцаагүй. Гэтэл дараа нь түүнтэй эгнэшгүй хачин жигтэй явдал болов. Нэг харахад манай хөтөч өнөөх Алтан-Уул /биш ээ, Галт-Уул. Б. Э/ дуу хуур болж буй малчдын нэгнээс шанзыг нь гуйж аваад нутгийнхаан дуунаас тоглож, энд цугласан бүх хүнд гэнэтийн бэлэг барих нь тэр. Уул ах, замдаан ярих нь, тэрбээр Ордос нутгийн хүн. Тэр дундаан Үүшин хошууных ажээ. “Үүшин хүн, хүн биш, уушгины мах мах биш гэдэг юм даа” гэж “элэгний дасгал” хийлгэж байна. Манайхны бол “Дөрвөд хүн, хүн биш, дөрвөн шийр мах биш” гэдэгтэй яг дүйх үг. Ордос нутаг бол дуу хуур, ерөөл магтаал, найр наадмын өлгий нутаг гэдэгтэй хэн маргана. Дуу хуурынхаан дотор гүр дуу хэмээх өнө эртний, гүн агуулгат, төр ёсны, намба жаяг төгс урлагаар дэлхийд ондооших орон чухамдаан энэ бүлгээ. Галт-Уул энд улам ч “идэвхжиж” эхлэв. Учир нь тэрбээр эл “Хөх хөгжмийн хамтлаг”-ийнхны тоглож буй бүх хөгжмийг ээлж дараалан эгээ л шүүрэн авч, дур тааваараан баруун солгойгүй ая хөг нийлүүлэн дарж гайхуулан бүр алмайруулж, аялагчдын элгийг хөшөөж, нулимс инээд хоёртой нь хутгаж орхих нь тэр. Үүнийг нь бид буцаад Отог хошуу руу хөдлөх үес “Сая энд, жинхэнэдээн Галт уулын дэлбэрэлт боллоо” хэмээн автобусан дотроон томъёолсон юм.

Отогийн төвд ирээд их ээ өндөр асрын буудалд тухлав. Хайрхан багш бээр “Хүмүүн бичиг” сониныхны хүсэлтийг хүлээн авч энэ үдэш ярилцлага өглөө. Өглөө нь цайны дараа шууд Үүшин хошууг зорин хөдөллөө. Бидэн дээр Хайрхан багш, Оюундалай хонжин, бас бус хүмүүс нэмэгдэж, тэд жийп машинтай өмнө хөтөчлөн цувлаа. Алтан-Уул ах маань харин урьдын адил бидэнтэй автобусанд хамтарсангүй, тэдний тэргэнд суун “тансаглав”. Бид түүнийг “Одоо Галт уул нэгэнт унтарчээ” хэмээн өөр зуураан явуулахаан мартсангүй. Замдаан Отогийн хамгийн өмнөд захын нутаг хүрч Хонжин овоонд мөргөн, ерөөлч магтаалч Оюундалай ахын урд орой нь урьсан ёсоор Отогийн өмнөд хошууны ерөөлч магтаалчдын соёлын өргөө гэр, номын сангаар манайхныг урин зочлуулсан билээ. Ерөөл магтаал гэдэг ардын оюун билгийн үнэт өвийг зан заншлаас нь тусгаар авч үзэх арга байдаггүй. Тиймдээн ч ерөөл магтаалчид өргөөнийхөөн үүдэн тушаа эсгий олбог дэвсэж, монгол хувцсаан өмсөцгөөн, идээ цагаандай /Цагаан идээ хэмээх холбоо үг нийлж авианы үг болон нэгдсэн Ордос хэллэг бололтой. Б.Э/ таваглаж, хөхүүр /Үнэндээн энэ нь манай халхаар бол хөөргийг хэлж байна. Б.Э/ даалин, тамхи тариа болж ёс төртэй угтлаа. Алс хөдөө нутагт, малчин айлын гэрт, гурван түмэн монгол номтой номын өргөө байгуулсныг энд үзвэй. Бид Монгол Улсын, босоо бичгээрх цорын ганц тогтмол сонин “Хүмүүн бичиг”-ийнхээн тусгай дугаарыг бэлэглэж, монгол ном бичгийн далайд дусал өргөвэй. Мөн л ойр хавийн малчид нь үе үе эндээн цугларч, ерөөл магтаалаан сурч уламжлан, монгол бичиг номоон ч үзэж, басхүү Хайрхан багштан сардаан нэг хоёр удаа Отог хошууны төвөөс морилж саатан, уран бийрийн гайхамшгийг үлгэрлэн сургадаг, мөн дуу хөгжим болж найрлан, оюун эрдмийн цэнгэл олдог утга урлагийн анхан шатны нэгж байгууллага энд ажиллаж байдаг ажээ. Нэмж сонин болгоход, Баянжаргал дарга маань ерөөл магтаалын овооны энэ газар, худтайгаан санаандгүй таарлаа. Түүний ганц охин нь эндхийн малчин Батнасан гуайн бэр болоод буй ажээ. Ерөөлтэй худ, худгуй ажгуу.

Бэлэн сэцэн холбоо шүлэг, ерөөл магтаал хэлдэг, найрч наргианч, монгол уламжлалт хуримын дэг соёлыг өвлөн эзэмшсэн, барагтай бол үгэн дайралцаанд гартдаггүй эрхэм хүмүүнийг монголын хэлээр хонжин хэмээмү. Оюундалай ах бол тийм эрдэм билигт хүмүүний тод төлөөлөл юм. Оюундалай багштай бид өмнө нь есдүгээр сарын хуучдаар очихдоон танилцсан юм. Шинээр байгуулаад удаагүй буй Хонжин буюу ерөөл магтаалын овоондоон тэрбээр биднийг хөтчилж ирээд, овооны соёлын уламжлалаас сэргээн сануулж, гал хөс үүтгэн тахил өргүүллээ. Тэгээд удалгүй хөдлөх боллоо. Хайрхан багш тэд дахин уулзахын ерөөл бэлгэ өргөөд Отогийнхоон захад, гаднаасаан хэнд ч анзаарагдамгүй ч дотор нь орвол монгол оюун билиг, утга урлаг, бичиг соёлын гал дөл авалцан мандаж байх даруухан өргөөндөөн авьяас ухаанаан түгээсээр хоцорлоо.

Үүшин хошуу. Ордосын баруун өмнөд зах энэ. Бүр бүх Өөртөөн засах орны хамгийн урд хилд нь бид хүрээд ирсэн ажээ. Үүнээс цааш газар үгүй гэдэг шиг Үүшинээс цааш монгол нутаг үгүй ажим. Нүд хүрэх газар л лав элчилгүй уудам говь үргэлжлэн тэнгэрийн хаяа тэлэн алсарсан нь ажиглагдана. Одоо эндээс урагшаан явахад хаана хүрэх вэ гэвээс БНХАУ-ын Шанси мужийг нэрлэж байна. Өнөөх алдарт хулсны баавгайтай, үе үехэн хөрст газар нь хөрвөөж хүн зоноо үй олноор нь сүйд хийж орхидог мужтай зах заам нийлэх авай. Замын зуур Үүшин хошууны газар нутгийн онцлогийг ажиж явахад цөлийн уур амьсгал илт мэдрэгдэж, ургамал мод, манхан элс, хужир мараат нуур ус бүхэн нь манай их говиудын маяг аягийг санагдуулах авай. Хүмүүс нь аанай л уйгагүй мод тарьдгаараан тарьж, залхуугүйгээр элсний нүүдлээс зүйл бүрээр сэргийлж хамгаалсан нь бахархам, хөдөлмөрч эзэд гэдгээн баталсаар л.

Үүшиний төвд бид удсангүй. Хошууны музейг нь гялс манс дугуйлчхаад дорно зүг эргэж Сүмт гацааг зорилоо. Гэхдээн хурдан хуумгай үзсэн шигээн Үүшиний музейн тухай энэхнийг дурдаад дуусгаж бас боломгүй байна. Энэ музейд нэгд, морин хуурын музей, хоёрт, мөнгөн эдлэлийн музей хэмээх монгол соёлын агуулга ихтэй хоёр ч бага музей багтан шингэсэн байдаг. Морин хуурын музей нь эрт эдүгээгийн жар гаруй хууртай юм. Хамгийн том морин хуурыг манай ар монголчууд бүтээснийг хэрэг болгон аваачин залжээ. Ер нь Монгол Улсаас аваачсан хуур энд олон буй. Тэд нь өөр өөрийн онцлогтой учраас сонгон авч үзмэрээн баяжуулсан хэрэг. Дэлхийн арван алдарт хуурчийн хөрөг зураг, үйлс гавьяаны тухай хүүхэд багачууд эндээс мэдэж аваад гардаг. Бас бус онцлогтой зүйл цөөн биш. Уншигч та Үүшинд очвол үзээрэй.
Үүшиний музейн мөнгөн эдлэлийн тасагт хоёр том сайхан мөнгөн аяга харагдлаа. Миний хувьд, мэдээ орсоор үзэж хараагүй л том аягад байна. Аяга гэхээсээн илүү тогоо түмпэнгийн хэлбэр агууламжтай юм. Том аягадад шүр зэрэг эрдэнийн чулуун шигтгээ суулгасан нь ялгарч харагдана. “Дэлхийн хамгийн том мөнгөн аяганууд танай энд байдаг уу” гэж асууваас, эд бол хамгийн том нь биш. Манай хөдөөд үүнээс том аяга бий бий гэв. Хэмжээ нь ямрыг сонирхвол “Дотор нь том хүн ороод суучихдаг юм аа” гэж юу ч бодсон шинжгүй өгүүлж байх юм.

Аялагчид дараа нь Эзэн хороо, Чингисийн онгон зорих замдаан Сүмт гацаанд ирэв. Улаанбаатарт урьдчилаад ирүүлчихсэн бидний аяллын хөтөлбөрт “Үүшин хошуунд Номын овоо соёлын төслийг сурвалжлах” гэж бичсэн нь бий. “Номоор овоо хийсэн хэрэг үү” гэх мэт гайхалзах сэтгэл тэндээс төрж билээ. Улаанбаатараас гарахын өмнө бас Э.Бадрангуй багш бээр “Номын овоог та заавал үзээрэй, тэнд Өөртөөн засах оронд хэвлэсэн бараг бүх монгол ном байгаа шүү” хэмээн аминчилсан авч “Номын овоо” гэх нэр томьёо ой тойнд нэг л бууж өгөхгүй асаар энэ хүрч, ямартай ч нүдээр үзээд учрыг мэдье хэмээн өөрийгөөн элдэв бодлоос ангид орхисон.


Сүмтийн “Номын овоо”-г Алтанбилиг хэмээх жир малчин хүн, түүний дүү Хасбилиг нар үүсгэн байгуулжээ. Хасбилиг нь ном соёлын зүтгэлтэн хүн юм. Зарцуулсан хөрөнгө сүйтгэлийн талаас илүү хувийг санаачлагчид өөрсдөөн гаргаж, гацааны захиргаанаас үлдсэн хувийг нь дааж өглөг болсон гэж байна. Гацаанаас... Тийм ээ. Манайхаар бол баг нь гаргасан гэсэн үг. Тэгэхээр өмнөд монголын захын нэг гацаа хүртэл хөрөнгө мөнгө арвинтай, түүнээн манайх шиг дарга нар нь хулууж хундайлахын төлөө элдэв башир арга заль хөөцөлддөггүй, хэрэгтэй, учиртай зүйлд түүнээн хайр харамгүй зарж чаддаг байх нь. Чухам номын овоо, соёлын төв гэдэг нь юу вэ гэвэл, гуравласан цомцог хэлбэрийн гэр өргөөнд ороход хэдэн зуугаар тоологдом номыг тусгай хадгийн хамт залж сан хөмрөг үүсгэжээ. Тэнд бовь бичгийн хамаатан бээр, өөрийн “Аян замын тэмдэглэлүүд” гэх, дээрээн сартваах Ринчен багштаны бичгээр титэмлээстэй, доороон сахалт Сталин жолоодогчийн үсгээр хөндлөн тийш “хөрөөдсөн” шинэ номоон өргөж, санал сэтгэгдлийн дэвтэрт нь “Номын сан хөмрөг тань арвидан баяжиж, хүн төрөлхтөн амьдарч буй эл цэнхэр гаргийн тав дахь далай болог” гэж бэлгэ ерөөлийн хэдэн үг босоо бичгээрээн үлдээлээ. Урдхан талд нэг давхар, аятайхан ордон байна. Мөн л номын сан хөмрөг агуулах байр биз ээ. Харин хаа газрын малчин хүнд цаг нар, зав чөлөө гэж тусгай хуваарь байдаггүйг батлах мэт Алтанбилиг гуай ажил гараад энэ зуур гэртээн байсангүй билээ. Баруун талд бас нэг даруухан бөгөөд үзэмж зохиомж төгс ордон байх. Тэр нь “Билгийн сан” Дундад Улсын монгол ном хэвлэлийн музейн өргөө. Дотроон өмнөд монголын ном хэвлэлийн хөгжлийн түүхийг харуулсан үзмэр булангууд, монгол туургатны бичгийн хүмүүсийн хөрөг зурагт танилцуулга, гар бичмэлүүд, намтар цадигс, тэгээд эрт дээрийн болон эл цагийн олон мянган ном судрыг шилэн ташингатад эгнүүлэн залжээ.
Тэгээд жинхэнэ “Номын овоо”-нд сая нэг хүрч очлоо. Цогцолборын урдхан товцог дээр, оройдоон саглайсан мөчир салаа бүхүй бургас мод хатгасан шинэ бөгөөд намхан багавтар овоо байх нь байна аа. Овооны чулуу нь мөлгөр дөрвөлжин, номын цаас лугаа адил цайвар бор өнгөтэй. Чулуу тус бүрийн хавтгай талууд дээр “Монголын нууц товчоо”, “Жангар”, “Хаадын үндэсний эрдэнийн товч”-оос эхлүүлэн монгол үндэстний суу цуутай үүх түүх, утга зохиолын бүтээлүүдийн нэрийг монгол бичгийн дөрвөлжин эвхмэл тигээр сийлэн бичээд, шинээр зассан овоонд чулуугаан өргөжээ. Номын санд нь шинэ тутам нэмэгдсэн номын нэрийг жил бүрийн дөрөвдүгээр сарын хорин гурван буюу “Дэлхийн номын өдөр”-өөр энд чулуунаа сийлж мөнхлөн, өдөр ирэх бүр өндөрсөн сүндэрлэх эл овоондоон нэмэн нэмсээр байдаг буюу.

Эзэн хороо хошуу. “Алтан унжлагат” гал тахиа жилийн намрын сүүл сарын хорин нэгний наран шингэж, үдшийн бүрүй бууж байв. Богд эзний сүлд сүнсийг яг одоо, долоон зуун ер дэх жилд нь мөнх зулаар гэрэлтүүлэн тахиж буй Чингис хааны онгон шүтээний тайлга тахилгын цогцолборын гадаа тушаа, цагаан гэгээ тасрахын өмнөхөн морин хуурын эгшиг дуурьслаа. Тахилын онгонд даатгал өргөж, хөтөлбөрт ч багтаагүй чухал хэргээн бүтээсэн, ихэнх нь анх удаа ирж буй хэдэн ар монголын нэг нь энд, түүхт Эр хоёр загалын ч байна уу, Өндгөн цагаан хүлэг морины нь ч юмсан уу, хаан эзнээн энэрч хайлсан дууг хялгаст хуурын хэлээр, мөнх тэнгэрийн ивгээл дор хайлан дуулан хуурдлаа. Чилүгэний хуурын уянгыг Шараваа дүү эзэн богдын сүлд сүнсэнд амилуулав. Аяныхан ийнхүү Чингис хааны онгон сүлдийг хуурын эгшгээр цэнгүүлэн догшуулаад ирлээ.

Хиа багшийн дүүргийг үдэшдээн нэвт гулд туулан шууд Хуучин Зүүн Ордос буюу Дуншенд ирж буудаллав. Өглөө нь эндхийн Монгол сургалттай хоёрдугаар цэцэрлэгийн ажил байдалтай танилцуулав. Аранзал хүлэг морины бэлгэдэлтэй эл үрс багачуудын өргөө манайхаас олон зүйлээр  ялгарч, том гүрний доторх үндэстний цөөнхийн хөгжил баялгийн хэмжээг зааж өгч байх шиг санагдлаа. Цэцэрлэгийн цогцолбор байрны давхар бүрийг өөр өөр агуулгаар тохижуулж, хүүхэд багачуудын хүсэл мөрөөдлийн ертөнцийг өнгө гэрэл, зураг хийцийн өвөрмөц шийдлүүдээр бүтээн, амар жаргалтай, эрүүл хөгжилтэй, ухаан саруул, бие жавхаалаг сурч хүмүүжих, монгол хүний “Хүн болох багаасаан” хэмээх гүн ухааныг өвлүүлэх, жинхэнээр биежүүлэх бичилхэн агаад бие даасан ертөнц энд оршин, цогцлон байдаг ажгуу. Монголын цэцэрлэгүүд хол гэлтгүй Ордосын энэ Монгол цэцэрлэгтэй хамтран ажиллавал ихийг сурч, цөөнгүй зүйлд ухааны нүд нээгдэм санагдана. Цэцэрлэгийн нэг тасалгааг гэхэд тэр чигээр нь дуу, дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглосон нь бийлэг, хамгийн гол нь хүүхдийн сайн сайхны төлөө Дундад Улс хөрөнгө мөнгө харамгүй зардгийн нь гэрч болму.

Ордос бол дуу хуурын орон мөн гэж дээр нэгэнтээ дурдаж өнгөрсөн билээ. Басхүү монгол хүний дээдлэн бэлгэшээгч цагаан зүсмийн ямаан сүргийн аху нутаг бол Ордос мөөн. Биднийг Шинэ Ордосоос нутаг зүглэхийн өмнө тус хотын Ямааны ноолуурын аж үйлдвэрийн цогцолбортой танилцууллаа. Дуншен дүүргийн өмнөд хэсэг дэх шилэн, өндөр, уран гоёмсог барилга байгууламжийн иж бүрдэл бол энэхүү ноолуурын бизнесийн вант улс. Монголын “Говь”, “Гоёо” тэргүүтэн сор үйлдвэрүүд эх орны шилмэл омог үүлдрийн ямааны ноолуураар дэлхийг гайхуулж, хувцаслаж, бахархуулдаг бол Өмнөд Монголын ноолууран эдлэлийн үнэ цэнийг Ордосын энэ том корпораци тогтоож, тодорхойлдог ажээ. Европын техник технологиор тоноглосон тус үйлдвэрт, тал нутгаас тээвэрлэн авчирсан дүнхүү дүнхүү ноолуурыг угааж ялгахаас эхлэн зөөлөн тансаг, мяндсан нарийн утасаар давуу бүтээж, бэлэн хувцас болгон ачуулах хүртэлх бүх шат дамжлагадаан орчин үеийн дэвшилт хийц бүтээцийг нэвтрүүлсэн байна. Манайхны бэл бэнчин хийгээд эрэлт хэрэгцээтэй хэр хэмжээ дөхүү гэмээр бүтээгдэхүүний нь нэгэн дэлгүүрт орохуй үнэ ханш болоод чанар чансаа төдий л ялгаагүй мэт санагдав. Гэвч Ордосын жинхэнэ ноолууран эдлэл илүү нимгэн, тэр хэмжээгээр хөнгөн, нэхээс нарийн болоод чанар, үнийн хувьд манайхаас хавьгүй илүү бололтой. Үйлдвэрлэлийн явцыг зураг сүүдэрт буулгахыг таашаахгүйн дээр цаг зав гаргаж тайлбарлах албан тушаалтан ховор байлаа.

Ийнхүү өвөрлөгч ахан дүүстээн зочилсон, ажлын дөрвөн өдрийн аян маань өндөрлөлөө. “Хүмүүн бичиг” сонин, оны шилдгүүдээн Өвөр Монголд аялуулж сурвалжлуулахаар нийт олонд амласнаан биелэл болгож чадлаа. Босоо бичиг соёлын төлөөх ариун үйлс хэзээд бүтэж байдаг учиртай. Хамтрагсад маань сэтгэл дүүрэн ирсэн нь хамгийн чухал олз бүлгээ. Эсэргэн жил дахин уулзахын ерөөл бэлгээр үүнээн өндөрлөе.
 
Улаанбаатар-Хөххот-Шинэ Ордос, Хангин-Отог-Үүшин хошуу.
2017 он, 11-р сар.
Б.Элбэгзаяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
 
 
Related news