Буган чулуун хөшөөнүүдийг хамгаалалтад авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн хэмжээнд түүхийн дурсгалт газар олон байдгийн дотор Мөрөн хотоос хориод километрийн зайтай байдаг Уушигийн өврийн 15 Буган чулуун хөшөөг Монгол Улс соёлын тусгай хамгаалалтад авснаар 10 гаруй жил болж байна.
Гэвч сүүлийн жилүүдэд Буган чулуунуудыг тойрсон хашаа хайс байхгүйн улмаас морь мал ордог, хэн дуртай хүмүүс ирж үзээд хог хаядаг, орчин тойрныг бохирдуулдаг төдийгүй 2010 онд монгол оросын археологчид стандартын бус аргаар малтлага хийж түүхийн дурсгалт газрыг трактороор түрж байсан зэрэг явдал их гарч байсан учраас Хөвсгөл Далай ээж нийгэмлэг Соёлын яамтай гэрээ хийн ажиллаж байна.
Гэрээний хүрээнд чулуун хөшөөний гаднах талбайг төмрөөр бүрэн хайслан хамгаалалтанд авсан төдийгүй аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох зорилготой ажиллаж байна. Уушигийн өврийн 15 Буган хөшөөнөө сийлсэн буганы толгойн хэлбэртэй иш тольт бүхий чинжаал хутга зэргийн дүрс хэлбэрээс үзэхэд хүрэл зэвсгийн дунд үе буюу манай эриний өмнөх 2-1 мянган жилд босгосон хэмээн үзэж болно гэж эрдэмтэн Д.Цэвээндорж үзжээ.
Дэлхийд Буган чулуун хөшөө 800 орчим олдсоныг бүртгэсний дотор 650-иад нь Монгол нутгаас олджээ. Буган чулуун хөшөө нь хүний хойд настай холбоотой дурсгал төдийгүй, эртний бөөгийн шашны үзлийн тусгал юм гэж эрдэмтэд үздэг байна. Бөөгийн шашинд бугыг тэнгэрт хүргэдэг унаа гэж үздэг бөгөөд Буган хөшөөний дээд талд нар сарыг дүрсэлж, доор нь тэнгэр өөд дүүлж буй бугыг сийлсэн байдаг ажээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа