Австралид суралцах боломжийн талаар мэдээлэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газартай хамтран 2019 онд олгох Австралийн Засгийн газрын магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн тухай мэдээлэл, зөвлөгөө өгөх уулзалтыг Алтай хотод анх удаа 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр зохион байгууллаа.
Уг уулзалт нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Алтайн баялаг залуус” хөтөлбөрийн хүрээнд зохиогдох 2018 оны эхний сургалт уулзалт юм. Уулзалтад нийт 78 хүн оролцож Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай ерөнхий мэдээлэл, хамрагдахын тулд ямар шаардлагыг хангасан байх тухай мэдээлэл, зөвлөгөөг авлаа.
Австралийн сургалтын тэтгэлгийн болзол шалгуур, сонгон шалгаруулалт, цахим өргөдлийн талаар сонирхож, ялангуяа өргөдөл гаргах хүмүүсийг урин, тэдэнд мэдээлэл, зөвлөгөө өгөхөөр Монгол дахь Австралийн сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийн газрын төлөөлөгч н.Цэцэгмаа зөвлөгөө, мэдээлэл өгчээ.
Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар нь Австралийн тэтгэлгээр сурч, өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийхийг зорьж буй иргэдийн өргөдлийг энэ оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна.
Э.Нарангэрэл