Рио-де-Жанейро хотод 2 цаг тутамд 1 хүн бууны суманд өртөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-07 14:24:20
РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /Синьхуа/. Өнгөрсөн онд Бразилийн Рио-де-Жанейро хотод 4440 хүн гар бууны сумны шархтайгаар эмнэлэгт хүргэгдсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Энэ нь тус хотод хоёр цаг тутамд нэг хүн бууны суманд өртөж байна гэсэн үг юм.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, 2017 онд тус хот дахь төрийн өмчийн эмнэлгүүдэд өдөрт сумны шархтай 6-7 хүн хүргэгдэж байжээ.
 
Сүүлийн жилүүдэд тус хотод мансууруулах бодис наймаалагч бүлэглэлүүд оршин суугчдын газрыг булаах гэж оролдох болжээ. Үүний улмаас аюулаас хамгаалах хүчнийхэн болон гэмт хэргийн бүлэглэлүүдийн хооронд байнга шахуу мөргөлдөөн дэгддэг болсон байна.

Мөн гэм зэмгүй хүмүүсийг хоморголон баривчлах тохиолдол Рио-де-Жанейрод байнга гардаг гэнэ. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд гэмт этгээдүүд тус хотын метроны буудал орчимд есөн хүнийг хөнөөсөн хэрэг гарчээ. Үүнээс гадна гэмт этгээдүүд цагдаа нарыг хөнөөсөн хэрэг байнга гардаг байна. Өнгөрсөн онд тус хотод 130 цагдаа амь үрэгдсэн бол энэ оны эхний сард 10 цагдаа амиа алдсан байна.
 
Гэмт хэргийн бүлэглэлийнхэн нь буугаар "иж бүрэн" зэвсэглэсэн байдаг бөгөөд тэд ядуусын хорооллын залуусыг эгнээндээ элсүүлэх нь нэмэгджээ.
Г.Доржханд

Related news