Архангай аймагт түр хамгаалах байр барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-02-21 16:55:51
Архангай /МОНЦАМЭ/.  Жэрэс Монгол байгууллагын хэрэгжүүлж буй Семаатерр төслийн хүрээнд энэ онд Архангай аймагт гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хамгаалал шаардлагатай, эрсдэлт нөхцөлд байгаа охид, эмэгтэйчүүдийг хамгаалах түр байр барихаар боллоо. Жерес Монгол байгууллагын төлөөллүүд аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа болон Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын  төлөөллөгчидтэй өнөөдөр уулзлаа.

Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тохиолдлуудын дийлэнх нь Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт ханддаг боловч түр хамгаалах байр байхгүй учраас хохирогчийг хүчирхийлэлтэй орчинд үлдээх, төрөл садны хүмүүст түр хүлээлгэн өгөх зэрэг арга хэмжээ авдаг байна. Энэ нь хохирогчийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй, дахин хүчирхийлэлд өртөх, амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулах боломжийг бий болгодог байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид тусламж үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээ, Түр хамгаалах байр барих нь нэн чухал тулгамдсан асуудал болоод байгааг аймгийн Цагдаагийн газраас хэлж байв. 

Архангай аймгийн хэмжээнд 2017 онд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ зөрчил гаргасан 798 хүнийг эрүүлжүүлснээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүлжүүлэгдсэн хүний тоо 460 буюу 57.6 хувийг, зөрчил гаргаж захиргааны журмаар баривчлагдсан 185 хүнээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 47 хүн баривчлагдсан нь  26 хувийг эзэлж байна.

Б.Гэрэлт-Од
Related news