Америкийн алдартай номлогч нас нөгчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-22 11:21:57
ВАШИНГТОН. /Америкийн дуу хоолой/. Америкийн алдартай номлогч Билли Грэм  99 насандаа нас нөгчжээ.

“Америкийн дуу хоолой” агентлагийн мэдээлснээр, христийн шашны евангели урсгалын номлогч Б.Грэм лхагва гарагт буюу өчигдөр АНУ-ын Хойд Каролина муж улс дахь гэртээ өвчний улмаас нас барсан байна.

1918 онд мэндэлсэн Б.Грэм улс орон даяараа аялан шашны сургаал номлол айлддаг байсан аж. Түүний сургаал номлол нь телевиз радиогоор хэдэн сая хүнд хүрчээ. Тэрбээр тус улсын хамгийн нөлөө бүхий шашны удирдагчдын нэг байсан гэнэ. Мөн тэрбээр олон арван жил АНУ-ын төрийн тэргүүнүүдэд зөвлөгөө өгсөн бөгөөд улс төрийн салбарт хамгийн нөлөө бүхий санваартнуудын нэг байжээ.

Түүний үхэлтэй холбоотойгоор АНУ даяар эмгэнэн гашуудаж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп түүнийг “сүүлийн 100 жилийн хугацаан дахь АНУ-ын хамгийн аугаа хүмүүсийн нэг бөгөөд Америкийн үндэсний баатруудын нэг” гэж тодорхойлохын сацуу “Түүнийг Христийн шашинтнууд бөгөөд бүх шашны сүсэгтнүүд дурсан санах болно” гэжээ.

Христийн шашны евангели урсгалыг шүтэгчид нь АНУ-ын нийт хүн амын дөрөвний нэг хувийг эзэлдэг гэнэ.

Г.Доржханд

Related news