Малчин айлд тэмээ галзуурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-24 16:39:25

Өвөрхангай аймагт мал галзуугаар өвчлөх тохиолдол сүүлийн хоёр жилд эрс нэмэгдэж байна.

Хамгийн сүүлд энэ сарын 9-ний өдөр Гучин-ус сумын “Далтын овоо” гэх газар өвөлжиж буй малчин М.Дэмбэрэлтулгын тэмээ галзуу өвчин туссаныг ЗӨСТ-ийн лабораториор тогтоожээ.

Галзуурсан тэмээ гэрийн хаяа налж унаад байснаас өөрөөр хүн, малд хохирол учруулаагүй байна. Тус өдөр сумын Засаг даргын А/84 дугаар захирамжаар 14 хоног хязгаарлалтын дэглэм тогтоосон бөгөөд галзуу малыг устган зохих арга хэмжээг авсан болохыг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэлээ.

2014 оноос хойш манай аймагт 112 мал, амьтан галзуураад байгаа ба энэ онд 13 тохиолдол бүртгэгдээд байна.

Б.Батчимэг

Related news