Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Завхан аймагт ажиллаж байна. Түүнтэй хамт УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Үүрийнтуяа, О.Амгаланбаатар, Ж.Батсуурь, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого үйл ажиллагааны хэлтсийн дарга Д.Жаргалсайхан, Төрийн ёслолын референт Ч.Энхбат болон Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ж.Цэсэн нарын бүрэлдэхүүн ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Завхан аймгийн удирдлагуудтай уулзаж төрийн үйл ажиллагаа, хөдөө орон нутагт хэрхэн явагдаж байгаа, хаваржилтын байдалтай танилцаж, санал солилцлоо. Үүний дараа тэрбээр Завхан аймгийн иргэдтэй уулзаж тэдний санал бодлыг сонсч хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаагаа танилцуулж байна.
Дашрамд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй уулзсаныхаа дараа саяхан нээлтээ хийж өндөр үнэлгээ аваад байгаа Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчдийн “Өндөр гэгээн” дуулалт түүхэн жүжгийг үзэх юм байна. Тэрээр маргааш буюу 3-р сарын 21-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллана.
Б.Мягмарсүрэн