Япон улсын дэмжлэгээр Ургамал сумын сургуулийн байрыг засварлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-21 16:16:40

Завхан/МОНЦАМЭ/. Япон улсын "Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр Завхан аймгийн Ургамал сумын сургууль болон биеийн тамирын заалны засвар хийх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
Тус арга хэмжээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока,  УИХ-ын гишүүн, УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Японы ЭСЯ-ны  "Өвсний үндэс" буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан ажилтан Фүкүй Ёоко,  Ж.Эрдэнэ-Очир нарын албаны хүмүүс оролцлоо. Завханы Ургамал сумын дунд сургууль нь 1976 онд байгуулагдсан. 320 хүүхдийн хүчин чадалтай хичээлийн байр, спорт заалтай. Өнөөдрийн байдлаар 225 суралцагч, 36 багш ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Байгуулагдсан цагаасаа хойш их засвар огт хийгдээгүй ажээ.


Тэгвэл энэ жил Япон улсын Засгийн газрын  "Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр" –ийн  205 сая гаруй /хоёр зуун таван сая, гурван зуун хорин дөрвөн мянга долоон зуун гучин найм / төгрөгийн  санхүүжилтээр  тус сургууль, спорт заалны засварын ажлыг хийхээр болжээ. Барилгын ажлыг “Их найман баганат” ХХК гүйцэтгэн ажиллах юм байна. Энэхүү төсөл хэрэгжсэнээр сургалтын орчин нөхцөл сайжирч, сургалтын амжилтад чухал нөлөө үзүүлэх ажээ. 
Дашрамд 1996 оноос хойш Япон Улсын "Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Завхан аймагт нийтдээ сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгджээ. Энэхүү хөтөлбөр нь Засгийн газрын бус байгууллага, орон нутгийн засаг захиргаа зэрэг байгууллагуудаас хэрэгжүүлж буй төслүүдийг дэмжих зорилготой юм байна.

Б.Мягмарсүрэн 


Related news