Дэлхийн яруу найргийн өдөр Завханд утга зохиолын редакцын зөвлөл байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-21 18:00:35

Завхан/МОНЦАМЭ/. Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан Завхан аймгийн Утга зохиолын нэгдлээс “Дэлхийн дайтай сэтгэж, Эрдэнийн энэтэй бичицгээе” уриатай редакцийн зөвлөлийг байгуулжээ. Энэхүү редакцийн зөвлөлийн зөвлөхөөр Төрийн соёрхолт, Болор цомын эзэн, Монголын зохиолчдын эвлэлийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Ц.Бавуудорж, МЗЭ-ийн болон Утга зохиолын төлөө шагналт яруу найрагч Х.Лхасүрэн, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч МУСТА Л.Энхсайхан, МЗЭ-ийн гишүүн Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Б.Баяржавхлан нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл ажиллах ажээ.
Редакцийн зөвлөл нь Завханы 24 сумын яруу найрагч, идэвхтэн бичигчдийн бүтээлийг Утга зохиолын төрөл тус бүрээр хүлээн авч, дүгнэн хэлэлцүүлэх, харилцан заавар зөвлөгөө өгөх замаар уран бүтээлчдээ хөгжүүлэн, шилдэг шинэ санаа бүхий бүтээл төрүүлэх замаар ажиллах ба орон нутагтаа ажиллаж амьдарч байгаа бүхий л уран бүтээлчдийг дэмжин ажиллах ажээ. 1999 оноос эхлэн ЮНЕСКО-гоос “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан. Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ. Аливаа ард түмний “соёлын толбо”, онцлог яруу найргаар илэрхийлэгддэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг жамтай. Тиймээс Монголын утга зохиолынхон ЮНЕСКО-оос зарлан тунхагласан уг өдрийг халуун дотно хүлээн авч, жил бүрийн гуравдугаар сарын 21-нд яруу найргийн олон төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу өнөөдөр Завханы ахмад яруу найрагч зохиолчидоо хүлээн авч хүндэтгэл үзүүлж,  редакцын зөвлөлөө байгуулж батламжиллаа хэмээн аймгийн Утга зохиолын нэгдлээс мэдээллээ.  

Б.Мягмарсүрэн


Related news