Завханд төрийн албаны шалгалтанд 184 иргэн орж 55 иргэн тэнцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-22 15:09:33

Завхан/МОНЦАМЭ/. Завханд  төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалтанд дэс болон туслах түшмэлийн 43 ажлын байранд 184  иргэн орж, 55 нь тэнцжээ. Төрийн албаны шалгалтын төв комиссын зааврын дагуу Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалтгалтыг МУИС-ийн Завхан сургууль дээр дөрвөн ээлжээр зохион байгуулжээ. 
Шалгалтанд орсон иргэд ерөнхий мэдлэгийн буюу хууль, монгол хэл ур чадвар, мэдээлэл технологийн шалгалтыг цахимаар, мөн ярилцлагын шалгалт өгч, 100 онооноос 60 ба түүнээс дээш оноо авсан иргэд тэнцсэн байна. Тухайлбал Дэс түшмэлийн 28 ажлын байранд 87 иргэн бүртгүүлж, 19 ажлын байранд 30 иргэн тэнцсэн бол 9 ажлын байранд шалгалт өгсөн иргэд тэнцээгүй байна. Харин туслах түшмэлийн 15 ажлын байранд 103 иргэн бүртгүүлж, 11 ажлын байранд 25 иргэн тэнцэж, дөрвөн  ажлын байранд мөн  тэнцээгүй байна. Төрийн албанд орохоор шалгалт өгч байгаа иргэдийн мэдлэг, ур чадвар дутмаг, шалгалтын бэлтгэл хангалтгүй байгааг энэ удаагийн шалгалт харуулж байна. Тиймээс цаашид төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний мэргэшлийн шалгалт өгөхөөр төлөвлөж байгаа иргэд маш сайн бэлтгэж, мэдлэг чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. Энэ удаагийн шалгалтын үйл явцыг иргэд танхимын гадна байрлах дэлгэцээр хянаж ажиглаж, аливаа зөрчилгүй, хэвийн явагдаж дууслаа.
Шалгалтанд орсон 184 иргэнээс 55 иргэн тэнцэж, зарлагдсан 47 ажлын байрнаас 30 ажлын байр мэргэшлийн шалгалтаар нөхөгдсөн бол 17 ажлын байр нөхөгдөөгүй байна. Цаашид нөхөгдөөгүй үлдсэн 17 ажлын байранд нөөцөөс нөхөх арга хэмжээ авч, боломжгүй ажлын байрыг дахин мэргэшлийн шалгалтаар нөхөх тухай мэдээллийг Төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь  салбар зөвлөлөөс мэдээллээ.

Б.Мягмарсүрэн


Related news