Зоонозын өвчин судлалын төвийнхөн эрхэмлэх 9 зүйлийг мөрдөж ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Зоонозын өвчин судлалын төвийн эмч мэргэжилтнүүд хариуцлагын 9 зүйлийг мөрдөж ажиллахаар болсноо зарлалаа. Тухайлбал 2018 онд “Ёс зүй, хариуцлага, тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх нь” уриатайгаар эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах ажээ.
Тиймээс Завханы ЗӨСТ нь Монгол улсын засгийн газрын 2010 оны 11-р сарын 10-ны өдрийн 288 тогтоолын төрийн албан хаагчийн эрхэмлэх 9 зүйлийг нийт эмч, мэргэжилтнүүдийнхээ жилийн ажлын төлөвлөгөө гэрээнд тусгаж заавал мөрдүүлэхээр ажиллаж эхэлжээ. Тодруулбал төрийн албан хаагчийн эрхэмлэх зүйл болох мэдлэгийг эрхэмлэнэ, чадварыг эрхэмлэнэ. Мөн хууль ёс, ёс зүй, шударга ёс, соёлтой харилцаа, үнэнч байдал, шуурхай, хариуцлага, ил тод байдлыг эрхэмлэнэ хэмээжээ. Түүнчлэн байгууллагын дарга, эмч, мэргэжилтнүүд хөдөлмөрийн гэрээ, дотоод журам, ажлын байрны тодорхойлолтыг эрхэмлэх 9 зүйлээр шинэчлэн батлажээ. Ажлын өдөр Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд энгэрийн тэмдгийг тогтмол зүүн хэвшиж, эрүүл мэндийн байгууллагын соёлыг чанд мөрдөн иргэдэд нээлттэй ажиллана хэмээн аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.
Б.Мягмарсүрэн