“Анталья-Гран при-2018” тэмцээний эхний өдөр манай 2 жүдоч хүрэл медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит тэмцээн “Анталья-Гран при-2018” Турк улсын Анталья хотноо өчигдөр эхэлж, манай гурван жүдоч хүчээ сорьж, хоёр нь хүрэл медаль хүртжээ.
Тус тэмцээн 100 мянган долларын шагналын сантай бөгөөд 52 орны 344 тамирчин оролцож байна. Харин манай улсаас зөвхөн эрэгтэйчүүдийн ангилалд найман жүдоч хүч үзэж байгаа юм.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 60, 66 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг жингийн барилдаанууд болж, медалийн эзэд тодорлоо. Эрэгтэйчүүдийн 66 кг-д Г.Хэрлэн, 60 кг-д Ж.Амарболд тус тус барилдаж хүрэл медалийн эзэд болов.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар нар хүч, ур чадвараа сорих бол маргааш 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нар барилдана.
Д.Өлзий