Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-11-29 09:28:24

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Сэлэнгэ салбар, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, “Фтур” сургалтын төвтэй хамтран “Монгол үндэсний хувцасны оёдолчин, эсгүүрчин” бэлтгэх мэргэжлийн 14 хоногийн сургалтанд Сүхбаатар сумын 10 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулжээ.  

Тус сургалтаар Монгол үндэсний хувцасны 5 модуль хөтөлбөрийн дагуу үндэсний хувцасны үүсэл хөгжил, түүх соёл, нэр төрөл болон биенээс хэмжээ хэрхэн авах, дээл эсгэх, оёх технологи дараалал, тэрлэг дээлний стандарт хэмжээ, эрэгтэй, эмэгтэй гоёлын дээлний зохион бүтээлт, эсгэж оёх технологи аргачлал, үндэсний хээний төрлүүдийг бэлтгэж оёх, эмжээр, товч шилбэ зангидах зэрэг технологи ажилбарыг зааж сургасан байна.

Сургалтын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд оёдлын машин ашиглаж өөрсдөө дээл, хантааз оёж сурсан бөгөөд хувиараа хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгсөн аж. Тус сургалтанд хамрагдсан дээрх иргэд ихээхэн талархаж буйгаа илэрхийллээ. Мөн сургалтанд оролцогчдод “Фтур” сургалтын төвөөс сертификат гардуулан өгчээ.  

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Related news