Говьсүмбэрийн багш, сурагчид монгол бичгээр өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
erdenebulgan@montsame.mn
2018-04-25 15:37:45
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймагт жил бүр болдог монгол бичгийн аймгийн олимпиад энэ жил Монгол Улсын гавьяат багш Н.Түмэн-Өлзийн нэрэмжит болж мэргэжлийн багш, бага ангийн багш, иргэд гэсэн  10 ангиллаар нийт 160 гаруй иргэн оролцов.
Багш сурагчдын мэдлэгийг шалгах, үндэсний монгол бичгээрээ зөв сайхан бичиж сурах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, эрхэмлэн дээдлэх, Монгол хэлний хуулийг хэрэгжүүлэх зорилгоор зохион байгуулсан олимпиадын  зургадугаар ангийн сурагчдын ангилалд Сүмбэр сумын нэгдүгээр  сургуулийн 6 г ангийн сурагч А.Ариунчимэг, долдугаар ангийн ангилалд Сүмбэр сумын  тавдугаар сургуулийн сурагч Г.Марал, наймдугаар ангийн ангилалд Сүмбэр сумын нэгдүгээр сургуулийн сурагч М.Пунцагхорлоо, есдүгээр ангийнхныг Сүмбэр сумын тавдугаар сургуулийн сурагч Э.Бямбасүрэн нар тус тус тэргүүллээ.
Харин 10 дугаар ангийн  ангилалд Сүмбэр сумын хоёрдугаар сургуулийн сурагч П.Одонтуяа, 11 дүгээр ангийн ангилалд Сүмбэр сумын хоёрдугаар сургуулийн сурагч Б.Дөлгөөн, 12 дугаар ангийн ангилалд Сүмбэр сумын 5 дугаар сургуулийн сурагч М.Анударь тэргүүн байрт  шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав. Иргэдийн дунд зохиогдсон тэмцээнд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын ажилтан Д.Нарангэрэл шалгарсан бол бага ангийн багшийн нарын тэмцээний аваргаар Шивээговь сумын гуравдугаар сургуулийн бага ангийн багш Л.Цолмон, мэргэжлийн багшийн ангилалд Сүмбэр сумын тавдугаар сургуулийн багш Э.Олонцэцэг нар шалгарав.
Медалийн тоогоор Сүмбэр сумын нэгдүгээр сургуулийн багш сурагчид ес, Сүмбэр сумын хоёрдугаар сургуулийн  багш,  сурагчид  долоо, Шивээговь сумын гуравдугаар  сургуулийн багш, сурагчид  тав, Сүмбэр сумын  тавдугаар  сургуулийн багш, сурагчид долоон медал хүртэж бусдыгаа хошуучилжээ.
Энэ удаагийн олимпиадын онцлог нь Сүмбэр сумын нэгдүгээр сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчид хичээнгүй бичгийн үзэсгэлэн гаргаж, оролцогчдын тоо өмнө жилээс өссөн дүнтэй гэж зохион байгуулагчид онцолсон. Тэмцээнийг Говьсүмбэр аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар, ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль хамтран зохион байгуулав. 
Х.Эрдэнэбулган
Related news