Дэн буудлуудыг нэгтгэж томоохон зочид буудал барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-12-01 10:29:11

Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг дэн буудлуудыг нэгтгэж томоохон зочид буудал барина. Энэ саналыг орон нутгийн удирдлагууд гаргасан юм.

Учир нь дэн буудалтай холбоотой гомдол “Иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах 7035-3511” дугаарт байнга ирдэг ажээ. Мөн дэн буудалд архидалт, гэмт хэрэг цөөнгүй гардаг тул үүнийг цэгцлэх шаардлага гарсан байна. Иймд хотын төвөөс баруун талд орших 7 дугаар хороололд 10 гаруй дэн буудлыг нэгтгэсэн томоохон зочид буудал барих саналыг Орхон аймаг дахь Зочид буудлын холбоонд тавьжээ. Үүний дагуу холбогдох байгууллагууд хэд, хэдэн уулзалт, хэлэлцүүлэг хийсэн байна. Хэлэлцүүлгийн үр дүнд орон сууцны нэг давхарт дэн буудал ажиллуулах тусгай зөвшөөрөл дахин олгогдохгүй болжээ.

Орхон аймагт 40 гаруй зочид, дэн буудал бий. Үүний 12 нь орон сууцны нэг давхарт, 5 нь гэр хороололд ажилладаг юм.

Орхон аймаг Б. Оюун-Эрдэнэ 

Related news