Гамшгаас хамгаалах өдөр тутмын бэлэн байдалд шилжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-01 11:26:10

Эрдэнэдалай сумынхан өнгөрөгч лхагва гарагаас  эхлэн гамшгаас хамгаалах өдөр тутмын бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байна.

Тус сумын нийт нутгаар 8- 10 см зузаан цастай, цаашид олон жилийн дунджаас ахиу цас унаж, хүйтний эрч чангарах цаг агаарын урьдчилсан мэдээтэй тул сумын Засаг дарга дээрхи шийдвэрийг гаргажээ.

Мөн өвөлжилт, цаг үеийн байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар ч албан даалгавар гаргасан байна. Бусад аймаг,  сумын нутагт оторлож байгаа малчин өрхүүдийнхээ болон өөр аймаг, сумаас ирсэн оторчдын судалгааг гаргаж, төрийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, сумын төвийн аж ахуйн нэгж байгууллагууд цахилгааны нөөц эх үүсвэртэй байх, нүүрс түлээ, шатахууны нөөц бүрдүүлэх, улсын нөөцийн цэг салбарт байгаа өвс тэжээлийг малчдад олгох шийдвэр гаргуулах, хүн, малын эрүүл мэндэд шаардлагатай эм, тариа бэлдэх зэргээр сумын онцгой комисс болон мал эмнэлэг үржлийн алба, цагдаа, эрүүл мэнд, боловсролын байгууллагууд тус бүртээ үүрэг авчээ.

Байгаль цаг агаарын эрсдлээс өөрийгөө болон ойр дотны хүмүүс, үр хүүхэд, мал сүрэг, өмч хөрөнгөө хамгаалах, орон гэрээ дулаалж, түлээ нүүрс, дулаан хувцас бэлдэх зэргээр хувийн бэлтгэлээ сайтар базаан, тус бүрдээ хариуцлагаа өндөржүүлж, аливаа эрсдлийн талаар төр захиргааны байгууллагадаа хугацаа алдалгүй мэдэгдэж байхыг ард иргэддээ уриалсан байна.

Дундговь Т. Отгонтуяа

 

 

Related news