Халагдсан цэргүүдийг сургалтад хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-05-07 20:18:01
Дархан-Уул /МОНЦАМЭ/. 2017 оны нэгдүгээр ээлжээр татагдаж цэргийн жинхэнэ албаа хаагаад аймаг орон нутагтаа ирсэн залууст зориулан “Халагдсан цэргийн сургалт”-ыг Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас ням гарагт зохион явууллаа. Сургалтад Насан туршийн боловсролын төв, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон бусад ажил олгогч байгууллагууд хамтран оролцож халагдсан дайчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжил олгох сургалт, ажлын байрны захиалга танилцуулсан юм.

Энэхүү сургалт нь жил бүрийн нэг, хоёрдугаар ээлжийн цэрэг татлагад хамрагдаж алба хаасан эрчүүдэд зориулан зохион байгуулдаг уламжлалт ажлын нэг аж.

Дээрх сургалтын үеэр аймгийн Цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, ахлах дэслэгч Б.Оргилсайхан "Цэргийн гэрээт алба"-ны тухай танилцуулга хийсэн бол Дархан-Уул аймгийн Засаг даргын Залуучуудын бодлогын зөвлөх Х.Эрдэнэпил "Хүн оршихуй" сэдэвт хандлага, үнэт зүйлийн илтгэл, “Өгөөмөр халамж” сургалтын төвөөс "Хандлага" сэдэвт илтгэл, Насан туршийн боловсролын төвийн ажилтан У.Мөнхцэцэг ажлын байрны танилцуулгыг тус тус хийжээ.

Энэ нь халагдсан дайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, ажлын байраар хангах зэргийг тодорхой хэмжээнд шийдвэрлэдэг тул уламжлалт арга хэмжээнд оролцуулахыг халагдсан дайчдын ар гэрийнхэн ч идэвхтэй байж зохион байгуулагчидтай хамтран ажилладаг аж.

Тус сургалтыг зохион байгуулсанаар жил бүр 50-60 орчим хувь нь ажлын байраар хангагдахын зэрэгцээ их, дээд сургуулиудад суралцаж мэргэжил эзэмшдэг тухай аймгийн цэргийн штабын орон нутгийн хамгаалалт, сургалтын офицер, ахлах дэслэгч Б.Оргилсайхан хэлж байлаа.

Ажлын байрны тухайд аймгийн ХХҮХ-ийн газартай хамтран ажлын байрны саналыг авах, төлөөлөл болгож ажиллах хүчин санал болгосон ААНБ-уудын төлөөллийг оролцуулж анкет авч ажилладаг байна. Энэ жилийн тухайд “Өгөөч чанар” ХХК /гурилын үйлдвэр/ болон бусад ААНБ-уудын төлөөлөл оролцож халагдсан дайчдад ажлын байрны санал тавьсанаар сургалтын үйл ажиллагаа өндөрлөлөө.

Л.Отгонбаатар

Related news