У.Хүрэлсүх: Задарсанд чанга, ядарсанд энэрэлтэй хандах нь төрийн үүрэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-08 16:00:35
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг "Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх болон үржлийн технологит ажил үйлчилгээний жилийн ажлын нээлт"-д оролцсоныхоо дараа аймгийн удирдлагуудтай уулзлаа.
Уулзалтад аймгийн 20 сумын Засаг дарга нар зорьж ирж оролцсон бол аймгийн хэлтэс, агентлагийн дарга нар, удирдах албан тушаалтнууд ч байлцсан юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд, яамны сайдууд, төрийн албан хаагчдын төлөөлөл зэрэг 200 орчим хүн багтсан тус уулзалтыг нээж, аймгийн Засаг дарга Г.Батжаргал Баянхонгор аймгийн нийгэм, эдийн засгийн цаг үеийн мэдээллийг хийв. Ингэхдээ аймаг, орон нутгийн тогтвортой хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэхэд төр засгийн зүгээс зайлшгүй шаардлагатай байгаа дэмжлэг туслалцааг Засгийн газраас баталсан Гурван тулгуурт хөгжлийн бодлогын 3.5.3.2 дахь заалттай уялдуулан тодорхойлж, гол зүйлсээ товч байдлаар танилцуулсан юм.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан аймгийн өрсөлдөх чадварын 2017 оны тайланд ерөнхий үнэлгээгээрээ Баянхонгор аймаг 51.2 оноо авч, 16 дугаар байрт жагсчээ. Тиймээс хэтийн болон ойрын хугацаанд төлөвлөсөн тодорхой ажлуудаа шуурхай хэрэгжүүлж, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эрхэм зорилго болох хүний болон эдийн засгийн хөгжлөөрөө Монгол Улсын тэргүүлэх таван аймгийн нэг болох зорилтоо биелүүлэх шаардлага тулгарч байгааг аймгийн Засаг дарга илтгэлийнхээ эхэнд онцоллоо. Мөн аймаг орон нутаг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, санхүү, хөрөнгө оруулалтын асуудлаа өөрсдөө бие даан шийдвэрлэдэг болох, улсын төсөвт үзүүлж байгаа ачааллыг бууруулахын тулд эдийн засгийн чадавхаа эрс дээшлүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Цаашид авч хэрэгжүүлэх томоохон төсөл арга хэмжээнүүдийнхээ саналыг ч Ерөнхий сайд болон ажлын хэсгийнхэнд танилцуулсан юм. Түүнээс гадна нэн яаралтай болоод байгаа 2019 оны төсөвт суулгах ажлын саналуудыг хүргүүлэв.
Тухайлбал, Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг хангасан орчин үеийн үзлэг оношлогооны төвийг Баянхонгор суманд байгуулах 6.3 тэрбум төгрөг, Баянхонгор суманд дулааны станц барих эрхийг орон нутгийн дулаан үйлдвэрлэгчдийн нэгдэл болох “Баянхонгор энержи корпораци” ХХК-д яаралтай олгож, ажлыг эхлүүлэх /Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар/, Дулааны шугам сүлжээний магистрал шугам сүлжээг гүйцээж дуусгахад шаардагдах 18 тэрбум төгрөг, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-нийн Баянхонгор салбарын 110/6,3 квтх2 дэд станцын чадлыг 6,3 квт-аар нэмэгдүүлэх 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.
Мөн орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрийг 10 тэрбум төгрөгөөс доошгүйгээр батлах, энэ онд утааг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхээр зорьж буй 4 болон 5 дугаар багт инженерийн шугам барьж, айл өрхийг дулаанаар хангах ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр санхүүжүүлэх концессийн зөвшөөрлийг олгох зэрэг ажлыг яаралтай хийх шаардлага тулгараад байгааг аймгийн Засаг дарга Г.Батжаргал танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монгол Улсын Засгийн газар хоёр том зорилт дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх. Хоёрдугаарт, Эдийн засгийн уналтыг зогсоох, сэргэлтийг хангах. Энэ зорилтуудыг ханган хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс бол та бүхэн. Та бүхний ажлын хариуцлага, сахилга бат, гүйцэтгэх болон удирдах чадвараас орон нутаг, улс орны нөхцөл байдал шалтгаална. Тийм учраас энэ удаад би та бүхэнтэй сахилга хариуцлагын зөвлөлгөөн хийнэ” гээд уулзалтын үйл ажиллагааг үргэлжлүүлэв. Мөн, Хөдөө томилолтоор явахдаа зориуд малчин өрхөөр орж, аж амьдралтай нь танилцаж байгаа, ард иргэдийн санаа бодлыг нухацтай сонсож яваа. Зуншлага нийт нутгаар тааруу байснаас өвөл, хаврыг хүнд давж байгаагаа малчид хэлж байна, ард иргэдийн ахуй амьдрал ч хүнд байгаа нь нууц биш. Та бүхэн ажлын байрандаа байгаад байх биш, хөдөө хөхөрч, гадаа гандаж байгаа хүмүүсээ эргэж тойрч бай. Тэднээс өгч байгаа татварын мөнгөөр аж амьдралаа залгуулж байгаагийнхаа төлөө тэдэнд бүрэн утгаар нь үйлчил, төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, түргэн шуурхай хүргэ хэмээн сануулав.
Дарга нь дарга шиг, цэрэг нь цэрэг шиг байж чадаагүйгээс нийгэмд бухимдал, тэгш бус байдал, шударга бус явдал газар авч байна. Улс орны эдийн засгийг өөд нь татъя гэвэл албан хаагчдынхаа сахилга хариуцлагаас ажлаа эхлэх ёстой гэж манай Засгийн газар үзэж, 01 албан тоот даалгавраа гаргаж, энэ оныг Хариуцлагын жил болгон зарласан. Энэ ажилд маань хөрөнгө мөнгө огт зарцуулагдахгүй, сэтгэл болон зүтгэлийн л хэрэг. 183 мянган төрийн албан хаагч дотор элдэв зан төрхийн хүн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ төрийн хүн бол задарсанд чанга, ядарсанд энэрэлтэй хандах ёстой. Төрийн үүрэг энэ. Дарга гэдэг нь асуудлыг шийддэг хүнийг хэлэх болохоос асуудалд орооцолддог хүн биш шүү гэдгийг шат шатны удирдах ажилтнуудад анхаарууллаа.
                                                                                                                 Б.Мөнхзул
Related news