1500 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-05-09 10:59:28

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг, "Эрдэнэс Таван толгой" ТӨХК хамтрах ажиллах хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү гэрээнийхээ хүрээнд хэд хэдэн ажлыг хийхээр болсны нэг нь Даланзадгадад 1500 хүүхдийн суудалтай сургууль цэцэрлэгийн "Тавантолгой" цогцолбор байгуулах ажил юм.

Мөн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийг нүүлгэн шилжүүлэх, "Эрдэнэс таван толгой" ХК-ийн хотхоноос Цогтцэций сум хүртэлх 13 км хатуу хучилттай авто зам, нүүрс тээврийн 8,2 км хатуу хучилттай авто замыг байгуулахаар тусгажээ.
Уул уурхайн ашиглалтын болон олборлолтын үйл ажиллагаа явуулснаар усны хомсдол, хөрсний эвдрэл, тоосжилт, ан амьтан даажих, ургамал ногоо ховордох сөрөг нөлөөллүүд бий болсоор байгаа билээ. Иймээс уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг сайжруулах бодлогын хүрээнд тус аймаг нь Цогтцэций сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эрдэнэс таван толгой" ХК-тай Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д заасны дагуу хамтран ажиллах гэрээг байгуулжээ. Уг хуульд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана гэсэн байдаг байна.
Өмнөговь аймагт 14 уул уурхайн компани идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа ба Оюутолгой, Энержи ресурс, Терра энержи, Мөнх ноён суварга ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна.

Д.Мишигсүрэн


Related news