“Медипас” эмнэлэг 50 орчим сая төгрөгийн үйлчилгээ үнэ төлбөргүй хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-05-09 14:04:48
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Монгол-Японы хамтарсан “Медипас” эмнэлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 50 орчим сая төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлжээ. 

Мөн Орхон, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 10 мянга гаруй иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгосон байна. Түүнчлэн 256 хавдарыг илрүүлж 84-ыг эрт үед нь бүрэн эмчилж ходоод, улаан хоолойн цус алдалттай  үеийн цус тогтоох, судас боох ажилбарыг дурангаар 37 хүнд хийсэн нь Орхон аймгийн цусны хэрэглээг 30 хувиар бууруулжээ.
Хоёр жилийн өмнө байгуулагдаж байсан уг эмнэлэг аймгийн Засаг даргын Тамгын газар, БОЭТ, Эрүүл мэндийн газартай хамтран ажиллаж нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр олон ажил зохион байгуулжээ. Үүний нэг нь 2017 онд  “Элэгний вирусгүй Эрдэнэт”, 2018 онд “Эрүүл Эрдэнэт хүн” аян хэрэгжүүлж байна. “Эрүүл Эрдэнэт хүн” аяны хүрээнд ходоод, улаан хоолой, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнийг бууруулах, хорт хавдарыг эрт үед нь илрүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Мөн аймгийн ЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Ач санах”, “Багш”, “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд 1800 гаруй хүнийг үзлэг, шинжилгээнд хамруулж 38 сая төгрөг зарцуулжээ.
“Медипас” эмнэлэг нь 120 эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй.  Өдөрт 500 орчии хүнд үйлчлэх хүчин чадалтай, дүрс оношилгоо, дуран, лаборатори, амбулатори, урьдчилан сэргийлэх үзлэг, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэг, хэвтэн эмчлэх тасагтай юм. Өнгөрсөн хугацаанд 127 мянган хүнд үзлэг, шинжилгээ, 38 байгууллагын 20 мянган иргэнд урьдчилан сэргийлэх үзлэг, 64 мянган хүнд дүрс оношилгоо хийжээ. Яаралтай тусламж болон эрчимт эмчилгээг 1709 харин 210 хүнд мэс засал хийж “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 6.253 хүнд элэгний С вирус тоолох шинжилгээг Эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийжээ. 
“Медипас” эмнэлэг нь Монголд эмнэлэгийн цогц үйлчилгээ үзүүлэх хотхон байгуулах хэтийн зорилттой. 2020 онд 200 ортой хэвтэн эмчлэх эмнэлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа ажээ.
Дашрамд дурдахад, тус эмнэлэг урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоогоо сайн хийсний дүнд ходоодны хорт хавдрын эрт илрүүлгийг 35 хувьд хүргэжээ. Энэ нь улсын дунджаас долоо дахин их гэсэн үг юм.
Б.Оюун-Эрдэнэ

Related news