“Дашваанжил сүүн цацал” хоршоо 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-05-28 10:12:54
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Булган суманд байгуулагдсан “Дашваанжил сүүн цацал” хоршооны сүү, сүүн бүтээгдэхүүний цех энэ сарын 22-ны өдөр  албан ёсоор нээлтээ хийлээ.
НҮБ-ын Хөдөө аж ахуйн газар  SECIM /Нэмүү өртгийн сүлжээ/ төслийн дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн саальчид хоршиж бүлэг болж, сүүгээ нийлүүлэх, сүү сүүн бүтээгдэхүүн  үйлдвэрлэх тоног төхөөрөмж суурилуулах, цехэд ажиллах хүн хүч бэлтгэх, бүтээгдхүүнээ үйлдвэрлэх технологийн сургалтуудыг хийсний дүнд аймгийн хэмжээнд анх удаа гэж хэлж болохуйц экологийн цэвэр бүтээгдхүүний цехтэй болсон байна.
Тус үйлдвэрийн нээлтэд Ховд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, сумын удирдлагууд, ЗДТГазар, төслийн зөвлөх Б.Мөнхжаргал, төслийн орон нутгийн зохицуулагч Н.Батцагаан нар оролцлоо.
Дээрх жижиг үйлдвэр одоо 3 ажилтантайгаас хоёр нь Улаанбаатар хотод сүүний үйлдвэрт сүүн бүтээгдхүүн үйлдвэрлэх чиглэлээр суралцаад ирсэн гэнэ. Алагтолгой багийн, 56 саальчин энэ цехэд цэвэр сүүг нийлүүлж байна. 

Тус үйлдвэр цөцгий зуурагч, сүүний машин, ааруул хатаагч, сүү боловсруулах тогоо гэсэн үндсэн дөрвөн төрлийн тоног төхөөрөмжтэй,  Өдөрт 500 литр сүү боловсруулах хүчин чадалтай. Түүнчлэн орон нутагтаа сүү, сүүн бүтээгдхүүний нэр төрлийг олшруулж, сүүгээр дан ганц тараг бүрж, ааруул хийдэг байсан хэвшмэл аргыг өөрчилж, саальчдын хоршоо төслийн дэмжлэгтэй чадавхижсанаар орчин үеийн сав баглаа боодол бүхий хүүхдийн сүү, ариутгасан сүү, үзэмтэй аарц, цөцгий, хэвлэсэн ааруул, тараг, жимстэй тараг, сүүний ааруул, шингэн сүүний аарц, холимог сүүний аарц, үзэмтэй зэрэг 8-12 төрлийн сүүн бүтээгдхүүнийг, үйлдвэрлэж, сумынхаа хэмжээнд эрүүл зөв зохистой хүнсний хангамжид тодорхой хувь нэмэр оруулж эхэлжээ. Мөн сумынхаа эмнэлэг, сургуулийн хэрэгцээнд тараг нийлүүлж байна. Үйлдвэрийн нээлтийн үеэр эдгээр бүтээгдхүүний амтлагаа зохион байгуулжээ. 

Цаашдаа тус сүүний цех дээрх 10 гаруй төрлийн сүү сүүн бүтээгдхүүнээс гадна Булган сумын брэнд бүтээгдхүүн болгож хөгжүүлэн аймгийн хэмжээнд борлуулах, сургуулиудын Үдийн цай хөтөлбөрт  бүтээгдэхүүнээ нийлүүлэх зорилт тавьж байгаа ажээ.
                                                                                                                                А.Бямбасүрэн

Related news