Хөгжлийн бэрхшээлтэй 28 иргэнд 45 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2015-12-02 17:22:48

Хөдөлмөрийн хэлтэст хэрэгждэг олон төсөл хөтөлбөрүүдийн нэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг дэмжих хөтөлбөр юм.

Уг хөтөлбөр нь санхүүгийн дэмжлэг олгох, аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулах, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалтанд хамруулах, ажил олгогчийг дэмжих гэсэн дөрвөн чиглэлээр хэрэгждэг. Санхүүгийн дэмжлэг олгох ажлын хүрээнд 2015 онд аймгийн хэмжээнд 28 иргэнд 45 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Энэхүү санхүүгийн дэмжлэг нь буцалтгүйгээр олгогддогоороо давуу талтай.
Харин аж ахуй эрхлэх сургалтанд 28, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалтанд 71 нийт 99 хөгжлийн бэрхшээлтэй иргэн сургалтанд хамрагдсан байна.

Ажил олгогчийг дэмжих хөтөлбөрийн  хүрээнд өмнөх онд гэрээ байгуулаад байсан Ойжуулалт хайлааст, Сэвүү уудам тал ХХК-д тус бүр 2,304,000 төгрөгийн  дэмжлэг үзүүлжээ. Энэ нь тухайн аж ахуйн нэгж нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг 12 сар ба түүнээс дээш хугацаатайгаар тогтмол ажиллуулсан бол олгогддог дэмжлэг юм.

Энэ онд чанаргүй зээл хоёр гарсан байна. Учир нь төсөл нь шалгарч  санхүүгийн дэмжлэг авсан хэдий ч мөнгөө төслөөс өөр зүйлд зарцуулсан байна. Тиймээс эдгээр хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохоор болжээ. 

Сүхбаатар аймаг Т. Одончимэг

Related news