Их-Уул сумын малчид ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх эргүүл хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-14 22:46:43

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Их-Уул сумын ЗДТГ-аас малчдынхаа зуншлагатай танилцаж таван багийн 1300 орчим өрхөөр орж малчдад төрийн үйлчилгээг үзүүлж ой бүхий газруудад зусаж буй өрхүүдийн  эргүүл хийх хуваарийг танилцуулжээ.  
Энэ үеэр хүн, мал эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлэхийн зэрэгцээ, хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулан ой хээрийн  гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчдад гарын авлага тарааж, ой бүхий газруудад зусаж буй өрхүүдийн  эргүүл хийх хуваарийг танилцуулж баталгаажуулсан байна. Мөн 2019 оны орон  нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлуудыг танилцуулж, иргэдийн саналыг авсан байна. Дашрамд дуулгахад Их-Уул сумын нутгаар өвөлжилт өнөтөй байсан төдийгүй отроор явсан малчдын шаргуу хөдөлмөрийн үр дүнд тус сумын малын 95,6 хувь нь онд орж, төл бойжилт  94,5 хувьтай, жилбэ сайтай байна. ОНХС-ийн 15 сая төгрөгийн санхүүжилтээр малын тэжээлийн ургамал царгасыг таван багт тус бүр нэг га талбайд тариалахаар болжээ.  Ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн ажлын хүрээнд малчдад өвөлжөө, хаваржааны хашаагаа ариутгах, үхсэн малынхаа сэг зэмийг булж устгахыг үүрэг болгосон тухай Их-Уул сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Б.Мягмарсүрэн 

Related news