Хотын цэцэрлэгжүүлэлт сүйтгэсэн малын эзэн тогтоогдохгүй бол улсын орлого болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-06-17 14:26:04
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ой угтан Булган сумын гудамж талбайд нарс мод тарьж, цэцгийн мандал байгуулж, ногоон байгууламж бий болгох ажил ид өрнөж байна.
Малчид, мал бүхий иргэдийг хотын төв уруу оруулалгүй байнгын хариулга маллагаатай байлгахыг Булган сумын Засаг даргын Тамгын газраас анхааруулжээ. 
-Хэрвээ мал хотын төвөөр бэлчээрлэж, бүтээн байгуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажилд хохирол учруулбал холбогдох журамд зааснаар эзэнд нь хариуцлага тооцно. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан "Таримал ургамлыг мал, тэжээвэр амьтдаас хамгаалах журам"-ын дагуу ногоон байгууламж сүйтгэсэн мал, амьтны эзэнд бод мал болон гахайд 10000, бог малд 2000 төгрөгөөр тооцож торгууль ногдуулна. Мөн таримал ургамал бүхий талбайд орж хохирол учруулсан мал, тэжээвэр амьтны эзэн тогтоогдоогүй 10 хоновол улсын орлого болгон хохиролыг барагдуулах хүртэл арга хэмжээ авах юм гэж Булган сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч П.Батсайхан ярилаа.
М.Батжаргал

Related news