Хурдан уншлагын олимпиад боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-06 22:02:15

“Ном эрдэм” 3 сарын аяны хүрээнд Баянхонгор аймгийн Нийтийн номын сангаас “Хурдан уншлагын олимпиад”-ыг аймгийн хэмжээнд 2015 оны зохион явуулжээ.

Сургуулийн бага насны төрөл буюу 2-7 дугаар ангийн сурагчид өөрсдийн насны онцлогт тохирсон сэдвээс крилл бичгээр, 8-9 дүгээр ангийн сурагчид монгол бичгээр, 10-12 дугаар ангийн сурагчид англи хэлээр хурдан уншиж өрсөлдсөн байна.

Олимпиадад Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баянцагаан, Баацагаан, Эрдэнэцогт, Өлзийт, Гурванбулаг сумд болон аймгийн төвийн ЕБ-ын 4 сургууль, Баян-Ойт цогцолбор сургууль, Соого Сейкео сургууль, МСҮТ-ийн сурагчид оролцжээ. Олимпиадыг тухайн мэргэжлийн багш нар шүүн явуулсан бөгөөд 2 дугаар ангийн хурдан уншлагын төрөлд “Номундалай” сургуулийн 2г ангийн сурагч Э.Нарандэлгэр, 3 дугаар ангийн төрөлд “Баян-Ойт” цогцолбор сургуулийн 3б ангийн сурагч Х.Пагмадулам, 4-5 дугаар ангийн хурдан уншлагын төрөлд Баянцагаан сумын 5б ангийн сурагч Г.Пүрэвсүрэн тэргүүлсэн байна.

Харин 6-7 дугаар ангиас “Соого Сейкео” сургуулийн 6а ангийн сурагч Б.Монголжингоо, 8-9 дүгээр анги буюу монгол бичгээр хурдан уншихад Баянцагаан сумын 8б ангийн сурагч Б.Шааравдулам, 10-12 дугаар анги буюу англи хэлээр хурдан унших төрөлд “Номундалай” цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Х.Анхбаяр нар тэргүүн байрыг эзэлжээ.

Б.Гантуяа

 

Related news