Засаг даргын гурван жилийн үйл ажиллагааг 88 хувьтай үнэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-06 22:04:33

Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаан 12 сарын 2-ны өдөр хуралдлаа. Нийт ирэх ёстой 35 төлөөлөгчөөс 26 төлөөлөгч оролцож, 69 хувийн ирцтэйгээр эхлэсэн тус хуралдаанаар 9 асуудал авч хэлэлцлээ.

Хурлын эхэнд 2012 оны орон нутгийн сонгуулиар Ардчилсан намын нэрийн жагсаалтын 10-т эрэмбэлэгдсэн Р.Оюунцэцэгийн төлөөлөгчөөр сонгогдох бүрэн эрхийг баталгаажуулж, энгэрийн тэмдэг үнэмлэхийг гардууллаа. Тэрбээр төрийн захиргааны салбарт ажиллан төлөөлөгчийн бүрэн эрхээсээ татгалзсан нэр бүхий хүмүүсийн оронд  нөхөн орж байгаа юм.

Мөн  аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийн тухай хэлэлцлээ. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засаг даргаас нийт 153 зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажилласнаас 42 заалт 100 хувь хэрэгжиж, 85 заалт 95 хувьтай, 20 заалт 70 хувьтай хэрэгжээд байна.

Энэ хугацаанд Өвөрхангай аймагт 176 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, дотоодын нийт бүтээгдэхүүн 2015 оны урьдчилсан дүнгээр 410 тэрбумд хүрэх буюу нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2016 онд 2547,5 мянган төгрөгт хүрнэ гэх урьдчилсан тооцоотой байна. Орон нутгийн төсвийн орлогын өсөлт 2012 оны гарааны жилд 6,2 тэрбум байсан бол 2015 онд 8 тэрбумд хүрэх урьдчилсан гүйцэтгэлтэй байна.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 1136 айлын орон сууц ашиглалтад орсон ба 81,8 км инженерийн цэвэр, бохир, дулааны шугам сүлжээ тавигджээ. 2012 онд 799 өрх айл инженерийн шугам сүлжээнд холбогдсон байсан бол 2015 онд 1803 болж өссөн байна. Түүнчлэн 28 дэд станц суурилуулж, 70 км цахилгааны шугам татсанаар айл өрхүүдийн эрчим хүчний асуудал жилээс жилд бүрэн хангагдсаар байгаа юм.

Сүүлийн 3 жилд 6881 иргэн байнгын ажлын байраар хангагдаж, 3969 түр ажлын байр бий болж, нийт 10850 ажлын байр шинээр бий болжээ. Малын тоо толгой 4,5 сая тоо толгойд хүрч, 1948 өрхийг 3,3 тэрбум төгрөгөөр малжуулсан ба 79 худгийг шинээр ашиглалтад оруулжээ.

Ийнхүү аймгийн ИТХ-аас Засаг даргын үйл ажиллагааны 3 жилийн хэрэгжилтийн үр дүнг 88 хувь буюу хангалттай хэмээн үзэж, цаашид Ажлын хорооны болон Төлөөлөгчдийн саналын дагуу  МШУТ-ийн камерын нэгдсэн сүлжээг зөвхөн гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх зорилгоор бус Онцгой байдлын газар зэрэг бусад байгууллагын үйл ажиллагаатай уялдуулан ажиллах, аймаг, сумдад баригдсан Иргэний танхимын үйл ажиллагааг тогтворжуулах малын хулгайн гэмт  хэргээс урьдчилан сэргийлсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Б.Батчимэг

Related news