“Эрдэнэт үйлдвэр” ХХК энэ онд хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-07-22 01:04:44
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай 2018-2020 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээг жил бүр төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх бөгөөд энэ онд  хоёр тэрбум төгрөгийг 14 төрлийн төсөл арга хэмжээнд зарцуулахаар болжээ.
Дээрх хөрөнгийг цагаан тоосыг бууруулах, үйлдвэрийн бүсэд аялал жуулчлал хөгжүүлэх, цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, цэнгэлдэх хүрээлэнд хэсэгчлэн засвар хийх зэрэг  ажилд зарцуулна. 
Гэрээ байгуулах ёслолын үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут хэлэхдээ “Хоёр талын хамтын ажиллагааны гэрээ нь орон нутгийн дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах бодит үр дүнд хүрэх хамгийн том алхам юм” гэлээ. 
 
Харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ, “Дөчин жилийн ойтойгоо золгож буй манай үйлдвэр ойрын 15 жилийн хөгжлийн төлөвлөгөөгөө баталсан. Уг төлөвлөгөөнд орон нутагтай хамтран ажиллах тухай олон заалт бий. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд энэ удаагийн хамтын ажиллагааны гэрээ чухал үүрэг гүйцэтгэнэ”  гэдгийг онцолсон юм.  
 
Б.Оюун-Эрдэнэ
 

Related news