Б.Бердибек: Байшин маань усанд автаж байхад би хүмүүсийг аварч явлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумд болсон үерийн гамшигт 929 өрхийн 4500 орчим иргэн нэрвэгдээд байгаа юм. Тэдний дотор аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагчийн гэр бүл байгаа бөгөөд гурван алба хаагч орон гэргүй болжээ. Бид Засгийн газраас олгосон шинэ гэрийн түлхүүрийг өчигдөрхөн гардаж авсан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн галын авто машины жолооч, ахлах ахлагч Б.Бердибектэй ярилцлаа.
- Онцгой байдлын газарт ажиллаад хэдэн жил болж байна?
- Нийтдээ 11 жил боллоо. Үүнээс есөн жил аврагч, гал сөнөөгчөөр, сүүлийн хоёр жил галын авто машины жолоочоор ажиллаж байна.
- Саяхан танайх үерийн усанд автсан гэж сонслоо. Хэддүгээр багт амьдардаг вэ?
- Өлгий сумын 13 дугаар багт эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. Энэ сарын 16-ны өдөр буусан үерийн улмаас хоёр өрөө байшин маань бүрэн нурсан.
- Тухайн үед та ажил дээрээ байсан уу?
- Долдугаар сарын 14-ний өдөр дуудлагаар яваад, 15, 16-ны өдрүүдэд гэртээ ерөөсөө очоогүй. Үерт нэрвэгдсэн хүмүүс болон тэдний эд хөрөнгийг аварч байсан. 16-ны өдрийн үдээс хойш 16 цагийн орчимд манай эхнэр залгаж, гэрт үер ороод ирлээ хэмээн уйлсан. Тэгээд би өөрсдөө эсэн мэнд үү гэж асуухад бид зүгээр байгаа гэлээ. Эхнэртээ хүүхдүүдээ аваад аюулгүй газар оч гэж хэлээд ажлаа үргэлжлүүлсэн.
- Манай гэр үерт автлаа гэж удирдах албан тушаалтнууддаа хэлсэн үү?
- Хэлээгүй. Тухайн үед би гуравдугаар багийн нутаг дэвсгэрт ангийн алба хаагч нартай хамт ЗИЛ-131 машинаар хүмүүсийг аварч явлаа. Усанд автсан байшин, хашаан дээр гарч тусламж хүсэж байгаа хүмүүсийг орхин өөрийнхөө эд хөрөнгийг аваръя гэсэн бодол ерөөсөө төрөөгүй.
- Гэртээ хэзээ ирсэн вэ?
- Гурван цагийн дараа ирэхэд хүүхдүүд маань дүүгийнхээ хүүхдүүдийн хамт манай аавын гэрт байсан. Эхнэр маань түрийвчид байсан бичиг баримтаа л амжиж аваад гарсан байна лээ. Бусад эд хөрөнгөө аварч чадаагүй..
- Одоо танайх хаана амьдарч байна?
- Хүүхдүүдээ хөдөө зусланд явуулсан. Эхнэр бид хоёр аавын зочны өрөөнд амьдарч байгаа. Би өөрөө завгүй, гамшгийн дараах сэргээн босголт, хор уршгийг арилгах гээд ихэнх цагаа ажил дээрээ өнгөрүүлж байна.
- Тусламжид хамрагдаж чадсан уу?
- Өчигдөр Засгийн газраас хүмүүнлэгийн тусламжаар өгсөн 80 гэрийн нэгийг манайх авсан. Мөн орон нутгийн удирдлагаас шинэ газар өгсөн, эхнэр маань гэрээ бариад тэнд байгаа.
- Гамшгийн үед хэдэн хүн аварсан вэ?
- Тухайн өдөр 60 гаруй хүнийг аюулгүй газарт гаргасан. Нэг айлд очиход гэрийн эзэн нь хөгжлийн бэрхшээлтэй, эхнэр нь өвчтэй, хөлөөрөө явж чаддаггүй өвөөтэй, нялх хоёр хүүхэдтэй юу хийхээ мэдэхгүй сандарч уйлалдаад байж байлаа. Бид тэднийг аюулгүй газарт гаргасны дараа байшин нь нурсан байсан. Хэрвээ манайхан очоогүй байсан бол эдгээр хүмүүсийн амь насанд аюул учрах байлаа. Саяны гамшгийн үеэр энэ мэт маш олон хүнд манай онцгой байдлын алба хаагчид болон бусад цагдаа, хилийн зэрэг, зэвсэгт хүчний зэрэг байгууллагууд тусалсан даа.
- Онцгой байдлын алба хаагчид бол хүмүүсийг аварч, талархлыг нь хүлээж байдаг буянтай хүмүүс шүү дээ. Албаараа бахархах сэтгэл төрдөг үү?
- Мэдээж бахархана. Албандаа хайртай, ажил мэргэжилдээ дуртай. Манай байгууллага нэг үгээр хэлбэл буяны байгууллага шүү дээ. Ядарсан хүмүүст тусалж, амийг нь аврахаас сайхан юу байхав дээ.
- Ярилцлага өгсөнд баярлалаа.
Ө.Нурболат