ОХУ НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн найдвартай түнш

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-08 12:30:14

ПХЕНЬЯН. /TASS/. ОХУ НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн найдвартай түнш болсон гэж Умард Солонгост уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Дарлин Тимо мэдэгдэв.

"НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөртэй байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд ОХУ өнгөрсөн жил Умард Солонгост зургаан сая долларын тусламж үзүүлсэн бөгөөд одоо тун удахгүй ОХУ-ын илгээсэн улаан буудай Умард Солонгост ирнэ. Улаан буудайг гурилын тээрэмд хүргэнэ" гэж тэрбээр мэдэгджээ.

Умард Солонгосын хүн амын хамгийн эмзэг давхаргынханд дэмжлэг үзүүлэх зорилготой уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэмэлт санхүүжилт хэрэгтэй байгаа хэдий ч, НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн 2013 оны долдугаар сард эхлүүлсэн хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг хоол хүнсээр хангах, витамин, уураг, өөх дутагдалтай хоол хүнс хэрэглэж буй эхчүүдийг асрах уг төслийн хугацааг дахин нэг жилээр сунгасан гэж тэрбээр хэлэв.

Уг төслийг бүрэн хэмжээнд хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн 53 хувийг л Пхеньян дахь Дэлхийн хүнсний хөтөлбөр хүлээн авсан байна. Мөн Умард Солонгосын төрийн хяналтад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөртэй хамтран ажиллаж, амин дэм, эрдэс бодисоор баяжуулсан бүтээгдэхүүнүүдийг цэцэрлэг, асрамжийн газар болон бага сургуулиудад нийлүүлдэг ажээ.

ОХУ, Швейцарь, Австрали, Канад, БНХАУ, Өмнөд Солонгос, НҮБ-ын тусгай сангууд болон хувийн хэд хэдэн буяны байгууллага хөтөлбөрт хандиваа өргөж байна.

Д.Нямтулга

 

Related news