Хэрэглээний халуун усыг өнөөдрөөс зогсоолоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-08-01 13:02:47
Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Шинэ дулааны 2-р станц нь өнгөрсөн 6-р сарын 1-ээс эхлэн хэрэглэгчиддээ хэрэглээний халуун ус өгч байсан юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн халуун усыг зогсоож, станцын засварын ажлыг эхлүүлэн өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангахаар болсон байна. Зуны улиралд хэрэглэгчдийг хэрэглээний халуун усаар хангахад станцын хувьд багагүй алдагдал хүлээхийн дээр иргэд төлбөрөө төлөх нь хойрго байдаг аж. Гэвч энэ зуны хувьд хэрэглээний халуун усыг хоёр сарын хугацаанд өгсөнд иргэд сэтгэл өндөр байж, төлбөрөө цаг тухайд нь өгсөн байна.
“Манай станц өнгөрсөн хоёр сарын хугацаанд хэрэглэгчиддээ хэрэглээний халуун ус олгосонд иргэд баяртай байгаа. Одоо өвөлжилтийн бэлтгэл ажилдаа орох гэж байна. Тус станцын хувьд өнгөрсөн хугацаанд орон нутгийн өмчийн харьяанд үйл ажиллагаа явуулж байсан. Тэгвэл Засгийн Газрын хуралдаанаар өнгөрсөн 6-р сарын 27-нд төрийн өмчит компани болгохоор шийдвэрлэсэн. Иймд ирэх намраас эхлэн эрчим хүчний зохицуулах хороонд харъяалагдан, зардалд суурилсан үнэ тарифыг тогтоохоор судалгаа хийгдэж байгаа” хэмээн Шинэ дулааны 2-р станцын дарга Ю.Сайнжаргал хэллээ.
Б.Батхүү
Related news